
Мьянмарын төрийн эргэлтээс хойш Янгон хотын иргэдийн ахуй амьдрал улам хүндэрснийг илтгэх НҮБ-ын судалгааны дүн гарчээ.
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс Мьянмарын хамгийн том хот Янгонд аж төрж буй хүмүүсийн ахуй амьдрал хоёр жилийн өмнө болсон төрийн эргэлтээс хойш хэрхэн дордсоныг илтгэх судалгаа явуулснаа тайлагнажээ.
Гурван мянган хүний дунд явуулсан судалгаагаар, Янгоны хамгийн ядуу буурай найман суурингийн иргэдийн 25 хувь сүүлийн нэг жилийн хугацаанд ямар ч орлого олоогүй байна.
Мөн хотын судалгаанд оролцсон иргэдийн 40 гаруй хувь нь амьжиргаагаа залгуулахын тулд машин тэрэг гэх мэт хөрөнгөө заржээ. Үүнээс гадна айл өрхүүдийнх нь 25 хувь хүүхдүүдээ сургуулиас нь гаргасан байна.
Сүүлийн хэдэн сард Мьянмарын цэргийн дэглэмийнхэн болон ардчиллыг дэмжигчдийн тулаан эрчимжсэн байна.
Өнгөрөгч бямба гарагт л гэхэд эсэргүүцэгч хүчнийхэн зүүн өмнөд Карен мужид эрх баригч Хунт-ын дэглэмийн цагдаагийн нэг газрыг отож, халдсан байна. Үүний хариуд цэргийнхэн хариу гал нээн, зарим оршин суугч шархадсан гэж хэвлэлүүд мэдээлж байна.
Өнгөрсөн долоо хоногт Европын холбоо Мьянмарын цэргийн мэдэлтэн есөн хүн, долоон байгууллагад хориг тавьж, хүчирхийллийг даамжруулж, хүний эрхийг ноцтойгоор зөрчиж байна гэж буруутгажээ.
Мьянмарын эсрэг олон улсын хориг арга хэмжээ тус улсын эдийн засаг, ард түмний ахуй амьдралд улам хохирол учруулна гэсэн болгоомжлол газар авч байна.
Янгон хотын иргэдийн ахуй амьдрал улам хүндэрснийг илтгэх судалгааны дүн гарчээ | ||
Үзсэн: 607 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.