
ОХУ АНУ-тай байгуулсан цөмийн гэрээнээсээ түдгэлзжээ. АНУ-тай байгуулсан гэрээгээ түр зогсоох хуулийн төсөлд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мягмар гарагт гарын үсэг зурсан байна. Ингэснээр тус улс цөмийн зэвсэглэлийг хязгаарлах уг гэрээнээс албан ёсоор түдгэлзэж байна.
Өнгөрсөн долоо хоногт Владимир Путин ард түмэндээ хандаж үг хэлэхдээ, энэ гэрээнээс татгалзана гэж мэдэгдсэн. Үүнээс хойш Оросын парламентын дээд, доод танхим аль аль нь Владимир Путины санаачилсан хуулийн төслийг шуурхайлан баталсан байна.
Уг хуулийн төсөлд Москва уг гэрээнд дахин нэгдэх эсэхийг ОХУ-ын Ерөнхийлөгч шийднэ гэж тусгажээ.
Даваа гарагт Америкийн Төрийн нарийн бичгийн даргын Зэвсгийн хяналтын асуудал эрхэлсэн орлогч Бонни Женкинс Оросын талыг цөмийн гэрээнээс гарч байгааг хурцаар шүүмжилсэн ч, Вашингтон гэрээг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхийн тулд Москватай хамтран ажиллана гэж мэдэгдсэн байна.
2010 онд шинэчлэн байгуулсан цөмийн зэвсэглэлийг хязгаарлах энэ гэрээгээр, гэрээ байгуулсан АНУ болон ОХУ хоёр улсын зэвсэглэлд байгаа цөмийн цэнэгт хошуу, пуужин, бөмбөгдөгч онгоцны тоог хязгаарласан байдаг юм.
ОХУ АНУ-тай байгуулсан цөмийн гэрээнээсээ түдгэлзжээ | ||
Үзсэн: 625 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.