
Цагаан ордон АНУ-ын төрийн албаны байгууллагуудад төрийн албан хаагчдын ашигладаг бүх компьютер, утаснаас ТикТок-ийн цэсийг бүрэн устгах 30 хоногийн хугацаа өглөө.
АНУ-ын Конгресс тус улсад энэ цэсийг бүрэн хориглох тухай хуулийн төслийг хэлэлцэхээр бэлтгэж байна. Харин ТикТок-ийг боловсруулсан Хятад улс энэ хоригийг эрс эсэргүүцэж байна.
Төрийн байгууллагуудын төхөөрөмжүүдээс ТикТок цэсийг 30 хоногийн дотор устгах санамж бичгийг Цагаан ордны Захиргаа, төсвийн газрын захирал Шаланды Янг гаргасан байна.
Энэ санамж бичигт зөвхөн ТикТок төдийгүй “Байт Дэйнс Лимитед” компанийн боловсруулсан бүх цэс, үйлчилгээг суулгаж болохгүй гэж заажээ. Өөрөөр хэлбэл, цаашид Хятадын боловсруулагчийн ирээдүйд гаргах бүх цэсийг Америкийн төрийн байгууллагуудад хориглосон гэсэн үг.
Түүнчлэн төрийн байгууллагууд 90 хоногийн дотор Хятадын энэ цэсийг ашиглахыг шаардсан гэрээнүүдийг цуцалж, 120 хоногийн дотор дахиж ийм гэрээ байгуулахгүй байх дотоод дүрэм тогтоох ёстой болж байна. Гэхдээ ТикТок-ийг батлан хамгаалах салбарын судалгаа, гэмт хэрэгтнүүдийг барих, үндэсний аюулгүй байдлыг хангах зорилгоор ашиглаж болно гэж Цагаан ордон тэмдэглэжээ.
Америкийн Конгрессын хоёр танхим өнгөрөгч 12 дугаар сард Ерөнхийлөгч Жо Байдены зарлигаар ТикТокийг хориглосон. Тиймээс энэ удаагийн хориг нь зөвхөн гүйцэтгэх засаглалд хамаарч байна.
Үүнтэй төстэй хоригийг Канадын засаг захиргаа даваа гарагт мөн гаргасан байна. Тус улсын засаг захиргаа АНУ-тай адил “Байт Дэнс Лимитед” компанийг Хятадын засаг захиргаатай холбоотой, хэрэглэгчдийнхээ мэдээллийг дамжуулдаг байж болзошгүй гэж үзэж байгаа юм. Мөн Евро комисс, Европын холбооны Зөвлөл ажилтнууддаа ажлын гар утаснаас ТикТок нийгмийн сүлжээний цэсийг устгах шаардлага тавьжээ.
Тэгвэл Бээжин уг цэсийг хориглосонд дургүйцлээ илэрхийлсэн байна. Хятадын ГХЯ-ны төлөөлөгч Мао Нин “Цагаан ордон АНУ-д Хятадын бизнесийн үйл ажиллагааг хууль бусаар хязгаарлаж байна” гэж мягмар гарагт мэдэгджээ. АНУ-ын Засгийн газар зах зээлийн эдийн засаг, шударга өрсөлдөөний зарчмыг хүндэтгэх ёстой гэжээ.
АНУ-ын төрийн албан хаагчдын ашигладаг бүх компьютер, утаснаас ТикТок-ийн цэсийг устгах чиглэл өгчээ | ||
Үзсэн: 1022 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.