
Оросын нутаг дэвсгэрт мягмар гарагт дроны хэд хэдэн дайралт болжээ. Нэг хоногийн дотор тус улсын зургаан бүсэд дрон илэрсний нэг нь Москвагаас 95 километрийн зайд, “Газпром”-ын хийн компрессорын станцын ойролцоо унасан байна. Санкт-Петербург хотод сөнөөгч онгоц хөөргөхөд хүрчээ.
Москва мужийн Коломно дүүргийн Губастово тосгоны ойролцоо нэг дрон унасны дараа бүсийн захирагч Андрей Воробьев “Иргэний дэд бүтцийн байгууламж руу халдах гол зорилготой байсан ч өртөөгүй” гэж мэдээлжээ.
Дрон “Газпром”-ын станцын хашаанаас 10-хан метрийн зайд унасан. Үүнийг Украины “УКРДЖЕТ” компани үйлдвэрлэдэг “Ю-Жей-22” төрлийн дрон гэж зарим хэвлэлд мэдээлж байна.
Нислэгийн хурд нь цагт 160 километр. 6000 метрийн дээд өндөр авдаг гэжээ.
Түүнчлэн Санкт-Петербург хот, Ленинград мужийн дээгүүр үл мэдэгдэх нисдэг объект ниссэнээс болоод 200 километр квадрат талбайг хамрах агаарын орон зайг хаасан байна. Олон улсын "Пулково" нисэх буудал түр хугацаанд нислэгээ зогсоожээ. Агаарт "Су-35", "МиГ-3" загварын хоёр сөнөөгч хөөргөсөн байна. Үл мэдэгдэх объект нь том оврын дронтой төстэй харагджээ.
Мөн Краснодарын хязгаарын Туапс хотод “Роснефть” компанийн баазад гал гарсан байна. Газрын тосны бүтээгдэхүүн асгарсан, иргэд өртсөн тохиолдол бүртгэгдээгүй гэжээ. Нутгийн иргэд таван секундын зайтай хоёр удаагийн дэлбэрэлт болсны дараа гал гарсан гэж мэдээлсэн. Мөн шуурхай албаныхан Туапс хотын нефтийн баазын дээгүүр дрон үзэгдсэн гэжээ.
Үүнээс гадна Оросын өмнөд хэсгийн Белгородод гурван дроны хэлтэрхий илэрснийг бүсийн захирагч зарласан байна. Дроны дайралтад өртсөн хүн байхгүй ч хэд хэдэн цонх хагарч, автомашинууд бага зэрэг өртсөн гэжээ.
Түүнчлэн Брянск мужид Оросын цэргүүд Украины зэвсэгт хүчний дроныг сөнөөсөн гэж мужийн захирагч Александр Богомаз мэдэгдсэн байна.
Хоёрдугаар сарын 28-ны шөнө Украины зэвсэгт хүчин Краснодарын хязгаар, Бүгд Найрамдах Адыгей улсын иргэний дэд бүтцийн байгууламжууд руу дроноор халдахыг оролдсон гэж ОХУ-ын БХЯ мэдээлсэн байна.
Адыгейд болсон дайралтад мал аж ахуйн нэгэн фермийн байгууламж өртсөн гэжээ.
Оросын нутаг дэвсгэрт дроны хэд хэдэн дайралт болжээ | ||
Үзсэн: 690 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.