Шууд Chart

“Хавана хам шинж" илэрсэн гэх 1500 орчим гомдол АНУ-ын агентлаг, байгууллагуудад иржээ

2023-03-02 10:33:03

АНУ-ын тагнуулын долоон байгууллага дэлхийн хэд хэдэн улс дахь Америкийн дипломат албаны хүмүүст илэрсэн “Хавана хам шинж”-ийг мөрдөн шалгаад, гадаадын тусгай албадын халдлагатай холбоотой гэсэн нотолгоо олоогүй байна.

Сонсгол, хараа муудах, толгой хүчтэй өвдөх, тэнцвэрээ алдах, оюуны чадавх буурах зэрэг шинж тэмдэгтэй “Хавана хам шинж” далд өвчин эсвэл ахуй амьдралд хэрэглэдэг энгийн төхөөрөмжийн цахилгаан соронзон үйлчлэл гэх мэт хүрээлэн буй орчны хүчин зүйлсээс үүссэн байх магадлалтай.

Харин дипломат албаны хүмүүст зориудаар, ямар нэгэн зэвсгийн тусламжтайгаар үүсгэсэн гэсэн нотолгоо олдоогүй гэж АНУ-ын Үндэсний тагнуулын газрын захирал Эврил Хэйнс мэдэгджээ.

Энэ бол хоёр жил гаруйн хугацаанд нарийн мэдээлэл цуглуулж, шинжилсний үр дүн, байгууллагын түүхэн дэх хамгийн том, далайцтай судалгаа болсон гэж Тагнуулын төв газрын захирал Уильям Бёрнс нэмж хэлсэн байна.

Гэхдээ “Хавана хам шинж”-ийн хохирогчдын эрх ашгийг төлөөлдөг фирмийн өмгөөлөгч Марк Заид дээрх судалгааны үр дүн хангалттай ил тод болж чадаагүй, нарийн дүгнэлт гаргасан гэдэгт эргэлзэж байна гэдгээ илэрхийлжээ.

“Хавана хам шинж”-ийн анхны тохиолдлууд 2016 онд Кубын Хавана дахь Америк, Канадын дипломат албаны хүмүүс, тэдний ар гэрийнхнээс илэрсэн.

Дипломат төлөөлөгчид ядрах, толгой өвдөх, дотор муухайрах, хараа, сонсгол муудах шинж илэрч байна гэжээ. Энэ явдлаас болоод АНУ-ын тухайн үеийн Ерөнхийлөгч Дональд Трамп Кубээс зарим дипломат төлөөлөгчөө татсан түүхтэй.

Сүүлд нь “Хавана хам шинж” Хятад, Герман, Австрали, Орос, Колумб, тэр ч байтугай Вашингтонд илэрсэн байна. Канад, АНУ-ын засаг захиргаа эхэндээ үүнийг Оросын тусгай албадын хийсэн акустик халдлага гэж сэжиглэж байсан юм. Одоогийн байдлаар өвчний шинж тэмдэг илэрсэн гэх 1500 орчим гомдол АНУ-ын агентлаг, байгууллагуудад ирээд байна. 


“Хавана хам шинж" илэрсэн гэх 1500 орчим гомдол АНУ-ын агентлаг, байгууллагуудад иржээ   
Үзсэн: 637 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй