Шууд Chart

Израилд шүүхийн шинэчлэлийг эсэргүүцсэн жагсагчид авто зам болон төмөр замыг хаажээ

2023-03-02 13:27:30

Израилд өчигдөр шүүхийн шинэчлэлийг эсэргүүцсэн жагсагчид авто зам болон төмөр замыг хаажээ. Тель-Авивт цагдаа нар жагсагчдын эсрэг усан буу, дууны гранат ашигласан байна.

Лхагва гарагт Израилийн Тель-Авив болон хэд хэдэн хотод шүүх шинэчлэлийг эсэргүүцсэн иргэд жагслаа. Жагсаалын үеэр эсэргүүцэгчид хотын гудамжуудыг хааж, цагдаа нар хүч хэрэглэхээс өөр аргагүй болжээ.

Энэ үеэр нийт 39 хүнийг саатуулсан гэж тус улсын хууль сахиулах байгууллага мэдээлсэн байна. Гэмтэж, бэртсэн 11 жагсагчийг эмнэлэгт хүргэсэн гэж хэвлэлүүдэд дамжуулжээ.

Түүнчлэн эсэргүүцэгчид Ерөнхий сайд Бенжамин Нетаньяхугийн гэргийн үйлчлүүлж байсан Үсчний газрыг бүслэн авсан учир цагдаа нар хамгаалалтад гарсан гэж “Ассошэйтед Пресс” агентлаг мэдээлсэн байна.

Израилийн Засгийн газрын тэргүүн хууль сахиулах байгууллагын ажилтнуудын үйлдлийг дэмжээд, жагсагчдыг эмх замбараагүй үйлдэл гаргасан гэж буруутгажээ.

Шүүхийн шинэчлэл нь өнгөрсөн оны сүүлчээр тангаргаа өргөсөн Израилийн эвслийн Засгийн газрын гол төслүүдийн нэг. Энэ асуудлаас болоод тус улсад олон мянган хүнийг хамарсан жагсаал, эсэргүүцэл хэдэн долоо хоногийн турш үргэлжилж байна.

Шинэчлэлийн хүрээнд Израилийн Засгийн газар Дээд шүүхийн шүүгчдийг томилох эрхтэй болж, шүүх байгууллагаас Засгийн газар, парламентын шийдвэрт хориг тавих эрх хязгаарлагдах төлөвтэй байна. Энэ нь засаглал хоорондын тэнцвэртэй байдлыг хангах ач холбогдолтой гэж Израилийн Ерөнхий сайд Бенжамин Нетаньяху үзжээ.

Түүнчлэн энэ хуулийн төсөлд алан хядагчдад цаазын ял оноох заалт багтжээ.

Израилийн парламент болох Кнессет шинэчлэлийн хуулийн төслийг хоёрдугаар сарын 20-нд дэмжсэн байна. Одоо үүнийг Кнессетийн мэргэжлийн хороогоор хэлэлцэх үлдээд байна.


Израилд шүүхийн шинэчлэлийг эсэргүүцсэн жагсагчид авто зам болон төмөр замыг хаажээ  
Үзсэн: 635 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй