
Хятадын компани Оросын "Вагнер" группт сансрын хиймэл дагуулын зураг нийлүүлсэн гэж Америкийн Засгийн газрын удирдах албаны хүн мэдээлжээ.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын туслах Даниел Критенбринк тус улсын Конгрессын танхимын гадаад хэргийн хороонд мэдүүлэг өгөхдөө, Хятадын компани Оросын "Вагнер" группт сансрын хиймэл дагуулын зураг нийлүүлсэн гэж ярьжээ.
Оросын талын Украин дахь цэрэг дайны ажиллагаанд Хятадын Засгийн газар дэмжлэг үзүүлж байгаа эсэхийг лавласан асуултад Нэгдсэн улсын төрийн департаментын Зүүн Ази, Номхон далайн асуудал эрхэлсэн тэрбээр “Хятад улс эдийн засгийн оролцоогоо идэвхжүүлж, Оросоос худалдан авалтаа нэмэгдүүлж байна” хэмээжээ.
Мөн АНУ-ын худалдааны хар жагсаалтад байдаг Хятадын нэг компани Оросын "Вагнер" группт сансрын хиймэл дагуулын зураг нийлүүлсэн гэсэн байна.
Түүнчлэн “Бээжин Оросын талд зэвсгийн дэмжлэг үзүүлбэл үр дагаврыг нь хүртэх болно гэдгийг Нэгдсэн улс тодорхой илэрхийлсэн” гэж Америкийн Төрийн нарийн бичгийн даргын Зүүн Ази, Номхон далайн асуудал эрхэлсэн туслах тэмдэглээд “Хятад улс дотооддоо дарангуйлагч, олон улсын асуудалд илүү түрэмгий, нэг сорилт болж байна” хэмээн ярьсан байна.
Даниел Критенбринк “Хятадын талтай сөргөлдөж, дахин нэг хүйтэн дайн хийхийг Нэгдсэн улс хүсэхгүй” гэсэн боловч тус улс үндэсний ашиг сонирхол, үнэт зүйлийнхээ төлөө тууштай зогсох болно гэсэн байна.
Даниел Критенбринк: Хятадын компани Оросын "Вагнер" группт сансрын хиймэл дагуулын зураг нийлүүлсэн | ||
Үзсэн: 576 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.