Шууд Chart

Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Умард Кавказад хийх айлчлалаа хойшлуулжээ

2023-03-03 12:38:14

Оросын засаг захиргаа, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд пүрэв гарагт Брянск мужийн хилийн нутаг дэвсгэрт Украины тагнуул, хорлон сүйтгэх бүлэг нэвтэрсэн тухай мэдээлэл цацжээ.

Киев үүнийг өдөөн хатгалга гэж нэрлэж байна. Интернэтээр “Оросын сайн дурын корпус” нэртэй нэгэн бүлэг халдлагад хариуцлага хүлээсэн гэж мэдээлжээ.

Энэ асуудалтай холбогдуулан Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Умард Кавказад хийх айлчлалаа хойшлуулсан байна. Тэрбээр халдлагыг алан хядах ажиллагаа гэж нэрлэжээ.

Хамгийн эхэнд Брянск мужийн захирагч Александр Богомаз Украинтай хиллэдэг сууринд хорлон сүйтгэгчид орж ирж, явж байсан автомашин руу буудсан гэсэн байна. Энэ халдлагын улмаас нэгэн жолооч амиа алдаж, 10 настай хүүхэд шархадсан гэжээ. Үүний дараа 1966 онд төрсөн нэг эрэгтэй амиа алдсан гэж амбан захирагч зарлажээ.

Холбооны аюулгүй байдлын алба энэ үйл явдлын дараа төрөл бүрийн тэсрэх төхөөрөмжүүд олсон, "мина"-гүйжүүлэх ажиллагаа явуулж байна гэж мэдэгджээ.

Брянск мужид болсон дээрх үйл явдлыг Оросын Ерөнхийлөгч Владимир Путин ээлжит алан хядах ажиллагаа гээд, Пятигорскт хийх айлчлалаа хойшлуулжээ.

Кремлийн мэдэгдлийн дараахан “Оросын сайн дурын корпус” гэх бүлэг халдлагын хариуцлагыг хүлээсэн байна. Тэд Оросын иргэдийг дэглэмийн эсрэг тэмцэхийг уриалж, хил нэвтэрсэн гэж зарласан байна.

Тэгвэл Украины Ерөнхийлөгчийн зөвлөх Михаил Подоляк Оросын хилийн бүсэд болсон халдлагыг “Оросын талын сонгодог өдөөн хатгалга” гэж нэрлэсэн байна.

Оросууд зориудаар иргэдээ айлгаж, өөр орон руу халдсан асуудал, ядуурал нэмэгдэж байгаагаа зөвтгөх арга эрэлхийлж байна хэмээн тэрбээр мэдэгджээ. 


Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Умард Кавказад хийх айлчлалаа хойшлуулжээ  
Үзсэн: 938 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй