
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен, Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров нар Шинэ Дели хотноо болсон “Их-20”-ийн орнуудын Гадаад хэргийн сайд нарын уулзалтын талбарт уулзлаа.
Арваад минутын хугацаатай үргэлжилсэн уулзалтын үеэр Америк Украинд шаардлагатай хэмжээгээр нь тусална гэсэн байна. Мөн Стратегийн давшилтын зэвсэглэлийг хорогдуулах тухай гэрээндээ эргэн орох, түүнчлэн Орост ял эдэлж байгаа Америкийн иргэн Пол Уиланыг суллахыг Орост уриалсан гэж АНУ-ын Төрийн департамент мэдэгджээ.
Энтони Блинкен уулзалтын дараа сэтгүүлчдэд өгсөн мэдээллийнхээ үеэр ч НҮБ-д өнгөрсөн долоо хоногт олон улс орны төлөөлөгчдийн ярьсан, мөн “Их-20”-ийн уулзалтын үеэр олон сайдын ярьж байгаа түрэмгий дайнаа зогсоож, шударга, тогтвортой байдал шилжих хэлэлцээрт нэгдэхийг уриалсан гэдгээ мэдэгджээ.
Харин Оросын ГХЯ-ны төлөөлөгч Мария Захарова уулзалтын үеэр ямар нэгэн яриа хэлэлцээ хийгээгүй, Блинкен өөрөө хүсэлт гаргаж, Лавров зөвшөөрсөн болохоор уулзсан гэжээ.
Энэ бол Лавров, Блинкен нарын хувьд Украины дайнаас хойших анхны уулзалт гэж хэвлэлүүдэд дамжуулж байна. Хамгийн сүүлд тэд 2022 оны нэгдүгээр сард Женевт уулзсан байна.
НҮБ Оросын Гадаад хэргийн сайд, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга нарыг “Их-20”-ын талбарт багахан яриа өрнүүлснийг талархан дэмжсэнээ илэрхийлж байлаа.
Ташрамд дурдахад, “Их-20”-ийн орнуудын Гадаад хэргийн сайд нарын уулзалт энэ 7 хоногт Энэтхэгийн нийслэл Шинэ Дели хотноо болсон юм. Уулзалтын үеэр бүлгийн орнуудын Гадаад хэргийн сайд нар хамтарсан тунхаглал гаргаагүй. Үүний оронд Энэтхэг өөрсдийн мэдэгдлээ нийтэлсэн.
“Украины зөрчилдөөний асуудлаар оролцогчид санал зөрөлдсөнийг бид зохицуулж чадаагүй” гэж Энэтхэгийн Гадаад хэргийн сайд Субраманьям Жайшанкар мэдэгджээ.
Украины нутаг дэвсгэрээс Оросын цэргүүдийг бүрэн, үг дуугүй гаргах шаардлага бүхий “Их-20”-ийн мэдэгдэлд Орос, Хятад гарын үсэг зурахаас татгалзсан байна.
Энтони Блинкен, Сергей Лавров нар уулзжээ | ||
Үзсэн: 691 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.