
Төмөр замын салбартаа шинэчлэл хийж чадаагүй гэдгээ Грекийн Засгийн газар хүлээн зөвшөөрсөн байна. Харин олон нийт үүнд эгдүүцлээ илэрхийлэн хоёр дахь өдрөө дараалан гудамжинд жагсжээ.
Мягмар гарагт болсон галт тэрэгний осолд эгдүүцсэн олон мянган хүн пүрэв гарагт хоёр дахь өдрөө дараалан Афин хотод эсэргүүцлээ илэрхийлжээ.
Хүчтэй аадар бороо, аянга цахилгаантай үеэр хүмүүс Грекийн галт тэрэг нэртэй төмөр замын компанийн төв байрнаас тус улсын парламентын ордон хүртэл алхахдаа, “Энэ гэмт хэрэг мартагдахгүй” хэмээн хашгирцгааж байжээ. Энэ үеэр Грекийн бусад хотуудад ч мөн ийм жагсаал болсон байна.
Эсэргүүцэгчид ингэж жагсахаас хэдэн цагийн өмнө Грекийн Засгийн газрын тэргүүн Кириакос Мицотакис төмөр замын тогтолцоондоо шинэчлэл хийж чадаагүй гэдгээ хүлээн, төрийн салбарт нь алдаа завхрал үүрлэж, үндэсний хэмжээний төслүүд удааширсан гэж тайлбарласан байна.
Энэ хооронд тус улсын төмөр замын болон метроны ажилчид ажил хаясан байна. Ажиллах орчин нөхцөл нь муудаж, боловсон хүчнийг нь цөөлөх болсныг эсэргүүцсэн үйлдвэрчний эвлэлүүд нь ажил хаялтаа бямба гараг хүртэл үргэлжлүүлнэ гэж мэдэгдсэн байна. Мөн Грекийн тээврийн сайд огцорчээ.
Харин тус улсын шүүхээс Афины олон улсын нисэх буудал хүрдэг энэ төмөр замын дохиоллын ажиллагаа хангалтгүй гэх мэдээллийг яаралтай шалгахыг уриалсан байна.
Одоогоор ослын шалтгаан тогтоогдоогүй ч, Лариса хотын төмөр замын буудлын мастер, ачааны болон зорчигч тээврийн цувааны нэгийг буруу замд чиглүүлснээс хоёр цуваа мөргөлдсөн гэх мэдээлэл байна.
Хайхрамжгүйн улмаас хүний амь нас хохироосон хэмээн яллагдагчаар татагдсан 59 настай төмөр замын буудлын мастер пүрэв гарагт шүүгдэх ёстой байжээ. Тэрбээр өөрт нь ногдох хариуцлалыг хүлээн зөвшөөрсөн гэж өмгөөлөгч нь ярьжээ.
Нийт 350 зорчигчтой явсан зорчигч тээврийн болон ачаа тээврийн галт тэрэгний хоёр цуваа мөргөлдсөн ослоор амиа алдагсдын тоо 57 болж нэмэгдсэн. Үүнээс гадна 56 хүн сураггүй гэж пүрэв гарагийн орой албаныхан зарласан байна.
Грекийн Засгийн газар төмөр замын салбартаа шинэчлэл хийж чадаагүй гэдгээ хүлээн зөвшөөрчээ | ||
Үзсэн: 741 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.