
“Бахмутын төлөөх тулалдаан дайнд хамгийн том үр дүн авчрах болно” гэж Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский мэдэгдлээ.
Украины Төрийн тэргүүн өчигдөр Украины цэргийн удирдлагуудын хуралдаанд оролцож, Бахмутыг хамгаалах, хотын байршлыг бэхжүүлэх шийдвэр гаргасан байна.
Хуралдааны үеэр Украины Зэвсэгт хүчний тэргүүн Валерий Залужный “Хортица” цэргийн шуурхай стратегийн бүлэглэлийн командлагч Александр Сырский нар хотын хамгаалалтыг үргэлжлүүлэх санал гаргасан талаар Зеленскийн албанаас дамжуулжээ.
Түүнчлэн “Свобода” батальоны орлогч командлагч Володимир Назаренко хэдий хүнд нөхцөлд байгаа ч цэргүүд хотыг хамгаална, ухрах тушаал ирээгүй гэж зарласан байна.
Үүнээс өмнөхөн Америкийн дайныг судлах хүрээлэнгийн шинжээчид Украиныг Бахмутаас цэргээ гаргах, эсвэл хамгаалалтаа үргэлжлүүлэх эсэхийг урьдчилан таамаглах боломжгүй гэж мэдээлж байсан юм.
Оросын цэргүүдийн хувьд Донецк мужийн Бахмут хотыг эзлэн авах зорилготой. Учир нь тэдэнд үүнээс илүү ялалт байгуулах хувилбар байхгүй гэж АНУ-ын Төрийн департаментын төлөөлөгч Нед Прайс даваа гарагт мэдэгдсэн.
Бахмут нь оросуудад стратегийн томоохон ач холбогдолтой хот биш. Гэхдээ энэ хотын төлөөх хүнд хэцүү тэмцэл, тулалдаан үргэлжлэх төлөвтэй байна гэж Нед Прайс онцолжээ.
Түүнчлэн өвлийн турш тулалдааны эрчим бага зэрэг буурсан ч зүүн, өмнөд хэсэгт үргэлжилж байгааг тэрбээр мэдэгдсэн байна.
Төрийн департаментын төлөөлөгчөөс гадна АНУ-ын Батлан хамгаалахын сайд Ллойд Остин Бахмутын асуудлаар мэдэгдэл хийсэн. Оросууд Бахмутыг эзлэн авлаа гэхэд энэ нь Москва дайны үйл явцыг өөрчилж чадсан гэсэн үг биш гэж тэрбээр зарлажээ.
Бахмутын төлөөх тулаан 2022 оны долоодугаар сараас хойш буюу бүтэн найман сарын турш үргэлжилж байна.
Энэ сарын эхээр “Вагнер” бүлгийг үүсгэн байгуулагч Евгений Пригожин Бахмутыг бараг бүслэн авсан гээд, Украины армийг хотоос гарахыг уриалжээ.
Володимир Зеленский: Бахмутын төлөөх тулалдаан дайнд хамгийн том үр дүн авчрах болно | ||
Үзсэн: 702 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.