Шууд Chart

Гүржийн гадаадын агентуудын тухай маргаантай хуулийг эсэргүүцэгчид Тбилиси хотод дахин цугларчээ

2023-03-09 11:10:45

Гүржийн гадаадын агентуудын тухай маргаантай хуулийг эсэргүүцсэн хэдэн мянган хүн нийслэл Тбилиси хотод лхагва гарагт дахин цугларчээ.

Тэд хуулийн төсөлд эхний сонсголоор дэмжсэн хууль тогтоогчдын үйлдэлд дургүйцлээ илэрхийлсэн байна.

Эсэргүүцлийн шинэ ажиллагаанд оролцсон хүмүүс үндсэн хоёр шаардлага тавьсан байна. Эхнийх нь маргаан дагуулсан хуулийн төслийг парламентаас татах, хоёр дахь нь гуравдугаар сарын 7-нд болсон эсэргүүцлийн үеэр саатуулагдсан хүмүүсийг суллах гэжээ. Тэд эдгээр нөхцөлийг биелүүлэх нэг цагийн хугацааг засагтаа өгч, гүйцэтгээгүй тохиолдолд дараагийн үйлдэлдээ шилжинэ гэж анхааруулсан байна.

Ингээд орой нь парламентын ордныг бүсэлж, зарим нь бамбар асаан, хаалгыг нь эвдэхийг оролджээ. Эсэргүүцэгчид ордны нэгдүгээр давхрын хэд хэдэн цонхыг хагалсан байна. Цагдаа нар халдлага үйлдсэн хүмүүсийн эсрэг нулимс асгаруулагч хий, усан буу ашигласан. Үүний дараа бамбайгаар халхлан эсэргүүцэгчдийг түрж эхэлжээ.

Сөрөг хүчний “Үндэсний эв нэгдлийн хөдөлгөөн” намын дарга Леван Хабеишвили хуулийн төслийг татах хүртэл эсэргүүцлийн ажиллагааг өдөр бүр зохион байгуулахыг уриалжээ.

Эсэргүүцэгчид хуулийн төслийг татахыг шаардаж байх зуурт Гүржийн парламентын дарга Шалва Папуашвили Европын зөвлөлийн Венецийн комиссын Ерөнхийлөгч Клер Бази-Малоред төслийн талаар дүгнэлт гаргахыг хүссэн захидал илгээжээ.

Гүржид гуравдугаар сарын 7-нд болсон эсэргүүцлийн үеэр хууль сахиулагчид 76 хүнийг саатуулсан. Энэ өдөр 50-иад цагдаа гэмтэж бэртсэн гэж ДХЯ-наас нь мэдээлжээ.

Эхний сонсголоор баталсан Гадаадын агентуудын тухай хуулийн төсөлд гадаадын орнуудаас санхүүжилт авдаг бүх хувь хүн, хуулийн этгээдийг нийгмийн бүртгэлд бүртгүүлэхийг үүрэг болгожээ.

Энэ дүрмийг зөрчвөл их хэмжээний торгууль ногдуулах буюу тав хүртэлх жилийн хорих ял оноох юм байна. Сөрөг хүчнийхэн энэ хуулийг Оростой адил засаглалыг эсэргүүцсэн, иргэний идэвх гаргасныг дарах зорилготой, Гүрж улсын ардчилалд сөргөөр нөлөөлж, Европт нэгдэхэд нь саад болно гэж үзэж байгаа юм.

 


Гүржийн гадаадын агентуудын тухай маргаантай хуулийг эсэргүүцэгчид Тбилиси хотод дахин цугларчээ  
Үзсэн: 783 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй