Шууд Chart

Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын хуралдаан өндөрлөлөө

2023-03-13 13:15:52

БНХАУ-ын дарга Ши Жиньпин Бээжин хотноо үг хэлснээр энэ сарын 5-нд эхэлсэн жил тутмын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын хуралдаан өнөөдөр өндөрлөж байна.

Тэрбээр ард түмний итгэл урагш ахих хамгийн том хөдөлгөгч хүч гээд, өөрт нь маш том хариуцлага ногдож байгааг зарласан байна. Түүнчлэн орчин үеийн социалист гүрнийг байгуулж, улс орныхоо аюулгүй байдал, үндэсний ашиг сонирхлоо хамгаалахын тулд Ардын чөлөөлөх армиа шинэчлэн сайжруулна гэжээ.

Үүнээс гадна нийгмийн аюулгүй байдлаа бэхжүүлэх асуудлыг тусгайлан дурдаад, Тайваньтай нэгдэх үйл явцаа тасралтгүй үргэлжлүүлнэ, гадаадын хүчин, салан тусгаарлах үйл ажиллагаатай шийдэмгий тэмцэх болно гэж мэдэгджээ.

Ням гарагт 14 дүгээр сонгуулийн Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын нэгдүгээр хуралдааны төлөөлөгчид БНХАУ-ын Төрийн зөвлөлийн шинэ бүрэлдэхүүнийг баталсан байна.

Засгийн газарт нэр дэвшигчдийг Төрийн зөвлөлийн шинэ Ерөнхий сайд Ли Цян танилцуулжээ.

Тухайлбал, Шадар сайд нар бүгд шинэчлэгджээ. Мөн өнгөрөгч 12 дугаар сард БНХАУ-ын Гадаад хэргийн сайдаар томилогдсон Чинь Ган шинэ танхимд энэ суудлаа хадгалж үлдэж байна. Түүнчлэн Улсын аюулгүй байдлын сайд Чэнь Еишин, Сангийн сайд Лю Кунь, Худалдааны сайд Ван Вэньтао нарыг үргэлжлүүлэн ажиллуулахаар болжээ.

Яам, улсын хороо, бусад байгууллагын нийт 26 тэргүүнийг томилсноос хоёр нь л шинэ хүн гэж зарим хэвлэлд тэмдэглэж байна. Тодруулбал, Хөгжил, шинэчлэлийн улсын хорооны дарга Жэн Шаньзе, Батлан хамгаалахын сайд Ли Шанфу нарыг шинээр орж ирсэн гэжээ.

Батлан хамгаалахын шинэ сайд Ли Шаньфугийн хувьд Оросоос зэвсэг авсан асуудлаар 2018 онд Америкийн хоригийн жагсаалтад орсон хүн юм байна. Харин хүлээлтээс зөрсөн нэг томилгоо нь Хятадын Ардын банкны тэргүүн И Ган суудлаа хадгалж үлдсэн явдал байлаа.


Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын хуралдаан өндөрлөлөө   
Үзсэн: 662 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй