
Молдавын төр засаг ням гарагт болсон жагсаалын үеэр эмх замбараагүй байдал дэгдсэнд Оросын тусгай албадыг буруутгажээ.
Молдавын цагдаагийн ерөнхий комиссарын газрын тэргүүн Виорел Чернэуцану Оросоос зохион байгуулсан хэд хэдэн бүлэг ийм ажиллагаа зохион байгуулсан гэж мэдэгджээ.
Молдавын нийслэл Кишинёв хотод ням гарагт олон мянган хүнийг хамарсан эсэргүүцлийн ажиллагаа болсон. Сөрөг хүчний “Шор” намаас дэмжсэн, “Ард түмний төлөөх хөдөлгөөн” нэртэй эсэргүүцлийн үеэр жагсагчид өвлийн гурван сард цахилгаан, дулааны мөнгийг улсаас төлөх, түүнчлэн Ерөнхийлөгч Майя Санду болон Засгийн газраа огцрохыг шаардсан байна.
Энэ үеэр цагдаа нар Засгийн газрын ордон, төв талбай руу явдаг замыг хаасан. Үүнийг эсэргүүцэгчид сэтлэхийг оролдсон гэж мэдээлж байна. Харин цагдаагийн байгууллагаас хориотой бүтээгдэхүүн, зэвсэг авч явсан 50 гаруй хүнийг саатуулсан гэж зарлажээ.
Эсэргүүцлийн үеэр жагсагчид өвлийн гурван сарын хугацаанд цахилгаан, дулааны мөнгийг төрөөс төлөхийг шаардсан тунхаг бичиг гаргаж, Засгийн газартаа хүргүүлсэн байна.
Үүнээс өмнө өнгөрөгч хоёрдугаар сард Молдавын Ерөнхийлөгч Майя Санду Оросыг улс орных нь дотоод асуудалд оролцохыг оролдсон гэж буруутгасан юм.
Оросууд төр засгийг нь унагах замаар Европын холбоонд нэгдэх үйл явцыг нь зогсоохыг санаархаж байна гэжээ. Харин Оросын ГХЯ үүнийг үгүйсгэсэн байна.
Молдавт жагсаалын үеэр эмх замбараагүй байдал дэгдсэнд Оросын тусгай албадыг буруутгажээ | ||
Үзсэн: 585 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.