
Талибуудын байгуулсан Афганистаны түр Засгийн газрын Буяныг дэмжих, бузар муугаас урьдчилан сэргийлэх яам Парван мужид эмэгтэй үсчингүүдийн үйл ажиллагаанд хэд хэдэн хязгаарлалт тогтоожээ.
Афганистаны “Хашт-э субх” сонинд мэдээлснээр, эмэгтэй үсчингүүдийг исламын хууль баримтлахыг шаардаж, ёс зүйн самуун үүсгэх гоо сайхны бүтээгдэхүүн ашиглаж болохгүй гэж заажээ. Түүнчлэн эмэгтэй үсчингүүдийг байраа шашны угаал үйлдэх газраар тоноглохыг үүрэг болгосон байна.
Үүнээс гадна Парван мужийн засаг захиргааны төв Чарикар хотод эрэгтэй оёдолчдод эмэгтэй хүний хувцас оёхыг хориглосон аман захирамж Афганистаны Буяныг дэмжих, бузар муугаас урьдчилан сэргийлэх яамнаас ирснийг зарим хэвлэлд тэмдэглэж байна. Үүний улмаас оёдолчид ажлын байраа хаахаас өөр аргагүй болжээ. Энэ бүсийн ихэнх оёдолчид ажилгүй болж, зарим нь Иран руу гарсныг Парван мужийн оёдолчдын үйлдвэрчний эвлэлийн төлөөлөгч мэдэгджээ.
Харин “Талибан” хөдөлгөөнөөс томилсон орон нутгийн эрх баригчид оёдолчдын ярьсныг үгүйсгэж, тэдэнд цөөн хэдэн зөвлөмж хүргэсэн гэсэн байна. Тухайлбал, тэднийг эмэгтэй хүний биеэс шууд хэмжээ авахыг хориглосон гэж Парван мужийн захирагчийн төлөөлөгч Хикматулла Шамим мэдэгджээ.
Өнгөрөгч 11 дүгээр сард Дайкунди муж эрэгтэй оёдолчдыг эмэгтэйчүүдэд, эмэгтэй оёдолчдыг эрчүүдэд хувцас оёхыг хориглосон шийдвэр гаргаж байсан юм.
Талибууд 2021 оны 8 дугаар сард Афганистаны засгийн эрхийг булаан авснаас хойш эмэгтэйчүүдэд шинэ хоригууд тогтоосоор байна. Тухайлбал, эмэгтэйчүүд парк, спорт заал, нийтийн халуун усны газарт орохыг, мөн төрлийнхөө эрэгтэйгүйгээр гадуур явахыг хоригложээ. Гэхдээ хамгийн том хориг нь дунд, их, дээд сургуульд сурах эрхийг нь хязгаарласан үйлдэл гэж олон улсын хэвлэлүүдэд тэмдэглэж байна.
Парван мужид эмэгтэй үсчингүүдийн үйл ажиллагаанд хэд хэдэн хязгаарлалт тогтоожээ | ||
Үзсэн: 615 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.