Шууд Chart

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Донбасст айлчилжээ

2023-03-20 16:20:27

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Донбасст айлчилжээ. Оросын төрийн тэргүүн Украины дайнаас хойш анх удаа булаан эзэлсэн газар нутагтаа очлоо гэж өрнөдийн хэвлэлүүдэд мэдээллээ.

Харин Кремлийн дамжуулснаар, Ерөнхийлөгч Владимир Путин бямба гарагт Азовын тэнгисийн эрэгт орших Мариуполь хотод “ажлын айлчлал” хийсэн гэжээ.

Тэрбээр нисдэг тэргээр энэ хотод бууж, дараа нь автомашинаа өөрөө бариад, сүйрсэн хотын нөхцөл байдал, сэргээн босгох ажилтай танилцсан байна.

Түүнтэй хамт Шадар сайд Марат Хуснуллин явж, хотын сэргээн босголт, барилгын ажлын явцын талаар мэдээлэл өгсөн байна. Энэ үеэрээ, Украины цэргүүд хотоос ухрахдаа орон сууцны барилгуудад халдсан гэж тэрбээр мэдэгджээ.

Мөн Владимир Путин филармонийн байр зэргээр орж, нацистын Германаас хотыг чөлөөлсөн Зөвлөлтийн цэргүүдийн дурсгалт цогцолборт очсон. Түүнчлэн аяллынхаа үеэр “Невский” хороололд очиж, сүйрсэн байрныхаа оронд шинэ орон сууц авсан нутгийн иргэдтэй уулзжээ.

Мариуполь хотыг Оросын цэргүүд 2022 оны хавар хоёр жил хагасын хугацаанд бүсэлсний эцэст тавдугаар сард бүрэн хяналтдаа авсан юм.

Байлдааны ажиллагааны үеэр хотын ихэнх хэсэг сүйрсэн гэж өрнөдийн хэвлэлүүдэд мэдээлсэн байна. Мариуполь хотын өмнөх захиргааны дамжуулснаар, хотын байр сууцны 50 хувь, дэд бүтцийн 90 хувь нь эвдэрсэн гэжээ.

Владимир Путин бямба гараг мөн Крымын хойгт очсон байна. Мөн Донын Ростовт зөвлөгөөн хийж, ОХУ-ын Зэвсэгт хүчний Ерөнхий штабын газрын дарга Валерий Герасимовтой уулзжээ.

Владимир Путиныг Мариуполь хот, Крымд төлөвлөгөөгүй, гэнэтийн айлчлал хийсэн гэж Кремлийн төлөөлөгч мэдэгдсэн байна.

Айлчлалын хугацаанд Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу, өөрсдийгөө зарласан Бүгд Найрамдах Донецк Ард Улсын тэргүүн Денис Пушилин нар гэрэл зураг, бичлэгт хамт байгаагүй нь үүнийг гэрчилж байна гэж “Верстка” хэвлэлд тэмдэглэжээ. 


ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Донбасст айлчилжээ  
Үзсэн: 542 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй