Шууд Chart

Саудын Араб Сири улстай харилцаагаа сэргээх магадлалтай байна

2023-03-25 16:24:02

Саудын Араб Сири улстай харилцаагаа сэргээх магадлалтай байна. Саудын Араб, Сири улсад Элчин сайдын яамаа сэргээн нээхээр яриа хэлэлцээ хийж байна гэж тус улсын төрийн телевизээр пүрэв гарагийн орой мэдээлжээ.

Ингэхдээ Саудын төв телевиз тус улсын Гадаад хэргийн яамны нэрээ нууцалсан эх сурвалжийн мэдээллийг эш татсан байна. Риад Дамасктай ийм яриа хэлэлцээ хийж байгаа гэдгийг албаны хүн хүлээн зөвшөөрчээ.

Мөн Сирийн талын эх сурвалж ч энэ мэдээллийг "Волл Стрийт журнал"-д баталсан байна.

Гэхдээ Сирийн төрийн хэвлэлээр энэ тухай хүлээн зөвшөөрсөн мэдээлэл нийтлээгүй, хоёр талын албаны хүмүүс ч хариу тайлбар хийгээгүй гэж Америкийн хэвлэл бичиж байна.

Саудын Араб, Ираны харилцаа сэргэж, хоёр улс харилцан Элчин сайдын яам, Консулын газраа нээхээр тохиролцсон үйл явдалтай зэрэгцэн, Саудын Араб, Сирийн харилцааны тухай олон улсын хэвлэлүүд мэдээлэхдээ бүсийн улсууд хоорондоо нэгдэн, эвлэх хандлагатай байгааг онцолж байна.

Тодруулбал, 2011 онд эхэлсэн Сирийн иргэний бослого, дайнд тус улсын босогчдын талыг Саудын Араб дэмжиж байсан. Гэвч хоёрдугаар сард Турк, Сирийн газар хөдлөлтийн үеэр Риад тэргүүтэй Арабын бусад орнууд Дамаскд тусламж илгээсэн.

Үүнээс гадна Сирийн Ерөнхийлөгч Башар Асад хоёрдугаар сард Оман улсад айлчилсан бол, ням гарагт Арабын Нэгдсэн Эмират Улсад айлчилсан байна.

Эмирт улс Башар Асадын Засгийн газрыг унагах зорилготой босогчдын бүлгийг дэмжиж байсан юм. Харин сүүлийн саруудад Оманд Иемений дайны асуудлаар яриа хэлэлцээ болж байгаа. Энэ дайнд Саудын Араб Ираны дэмжлэгтэй "Хуйти" бүлгийн эсрэг Иемений Засгийн газрыг дэмждэг юм.

Тавдугаар сард Саудын Араб Арабын холбооны дээд хэмжээний хурлыг зохион байгуулна. “Энэ хурлаар 2011 онд түдгэлзүүлсэн Сирийн гишүүнчлэлийг сэргээнэ гэж бүсийн ихэнх улсууд найдаж байна” хэмээн тус  холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга ярьсан байна.


Саудын Араб Сири улстай харилцаагаа сэргээх магадлалтай байна  
Үзсэн: 489 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй