Шууд Chart

Израилийн Ерөнхий сайд Батлан хамгаалахын сайд Йоав Галантыг үүрэгт ажлаас нь чөлөөлснөө зарлав

2023-03-27 11:16:16

Израилийн Ерөнхий сайд Бенжамин Нетаньяху Батлан хамгаалахын сайд Йоав Галантыг үүрэгт ажлаас нь чөлөөлснөө ням гарагийн орой зарлалаа.

Галант Нетаньяхугийн Засгийн газраас дэвшүүлж буй шүүх шинэчлэлийг ил эсэргүүцсэнээс болоод огцорсон байна. Хуулийн энэ санаачилгын улмаас тус улсад хэдэн сарын турш эсэргүүцэл, жагсаал үргэлжилж байгаа юм.

Батлан хамгаалахын сайд асан Йоав Галант  үндэсний аюулгүй байдлаа сахих үүднээс шүүх шинэчлэлээ зогсоохыг энэ сарын 25-нд уриалсан байна. “Улс орны талцал хуваагдал Израилийн батлан хамгаалах салбарт ч ажиглагдаж байна. Энэ нь Израилийн аюулгүй байдалд ноцтойгоор нөлөөлнө. Үүнийг би хүлээн зөвшөөрөхгүй” гэж тэрбээр мэдэгджээ. Энэ мэдэгдлийн дараа Нетаньяху Галантыг дуудаж, цаашид Батлан хамгаалахын сайдаар ажиллуулах боломжгүй гэдгээ илэрхийлсэн гэж “Иерусалим Пост” сонинд мэдээлжээ.

Тэгвэл Ерөнхий сайд Нетаньяхугийн шийдвэрийг намын зарим нөхөд нь эсэргүүцсэн байна. Батлан хамгаалахын сайдыг огцруулахтай зэрэгцээд Нью-Йорк дахь Израилийн Ерөнхий консул Асаф Замир ажлаа өгсөн байна. Мөн сөрөг хүчний тэргүүн Яир Лапид Нетаньяхуг улаан шугамаас давсан шийдвэр гаргалаа гэж буруутгажээ.

Галантыг огцруулснаа зарласны дараахан Израилийн хэд хэдэн хотод эсэргүүцэгчид гарч жагссан байна. Тель-Авивт хэд хэдэн гол замыг хааж, цагдаа нар жагсагчдыг тараахын тулд усан буу ашиглажээ. Эсэргүүцэгчид Ерөнхий сайдын ордны гадаа цугларсан байна.

Нетаньяхугийн Засгийн газар аливаа хууль, Засгийн газрын шийдвэртэй холбоотой дээд шүүхийн шийдвэрийг Кнессет цуцалж болно гэсэн шүүхийн шинэчлэлээ танилцуулсан. Энэ шинэчлэлийг эсэргүүцэж, тус улсад он гарснаас хойш эсэргүүцэл, жагсаал үргэлжилж байна. Өнөөдрөөс шүүх шинэчлэлийн эсрэг жагсаал, ажил хаялттай долоо хоног эхэлж байгааг зарлажээ.

 


Израилийн Ерөнхий сайд Батлан хамгаалахын сайд Йоав Галантыг үүрэгт ажлаас нь чөлөөлснөө зарлав  
Үзсэн: 688 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй