Шууд Chart

Мексикийн Сьюдад-Хуарес хот дахь Цагаачдын төвд гал гарсны улмаас 39 хүн амиа алджээ

2023-03-29 10:13:09

АНУ-ын хилээс холгүйхэн орших Мексикийн Сьюдад-Хуарес хот дахь Цагаачдын төвд гал гарсны улмаас 39 хүн амиа алдсаныг албан ёсоор мэдээллээ.

Мөн 29 хүн түлэгдсэн, шархадсан оноштойгоор дөрвөн эмнэлэгт хүргэгдсэн байна.

Америкийн Техас мужийн Эль-Пасо, Мексикийн Сьюдад-Хуарес хотуудыг холбодог гүүрний ойролцоо байрладаг энэ төвд АНУ руу гарахыг завдаад баригдсан хүмүүсийг саатуулдаг. Гал гарах үед тухайн төвд насанд хүрсэн 68 эрэгтэй байсан. Тэдний олонх нь Венесуэлийн иргэд, мөн Гватемал, Хондурасын цагаачид байсан гэж мэдээлж байна.

Мексикийн Ерөнхийлөгч Андрес Мануэль Лопес Обрадор “Саатуулагдсандаа эсэргүүцэл илэрхийлсэн хүмүүс гудсаа шатааснаас болоод гал гарсан” гэж мэдэгдсэн байна. “Тэд ийм золгүй явдал болно гэж огт тооцоолоогүй” гээд сүүлийн хэдэн долоо хоногийн хугацаанд цагаачдын төвд ноцтой асуудлууд гарсаар байгааг сануулжээ.

Галыг богино хугацаанд унтраасан байна. Хэргийн газар галын шалтгааныг судлах прокурорууд хүртэл иржээ.

Сүүлийн хэдэн долоо хоногт Сьюдад-Хуарес хот АНУ-ыг цагаачлалын бодлогодоо өөрчлөлт оруулахыг хүлээсэн цагаачдын хөлд дарагджээ. АНУ-д ковидын цар тахлын үед “халдварт өвчний тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор” хил нэвтрэхийг хязгаарласан хууль үйлчилж эхэлсэн.

Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа Трампын үеийн энэ бодлогыг зогсооно гэдгээ мэдэгдсэн боловч одоогоор энэ журам хүчинтэй хэвээр байгаа юм. Гэсэн хэдий ч АНУ-ын засаг захиргааны мэдэгдлийн дараа Сьюдад-Хуарест хязгаарлалтыг цуцлахыг хүлээж буй цагаачдын тоо мэдэгдэхүйц нэмэгдсэн байна.

АНУ-д сар бүр 200 мянгаад хүн хил давахыг оролддог. Тэдний олонх нь ядуурал, хүчирхийллээс дайжин Өмнөд болон Төв Америкаас ирдэг байна. Өнгөрсөн оны 10 дугаар сард Тихуана хотод, мөн 11 дүгээр сард Тапачул хотын саатуулах төвд цагаачид эмх замбараагүй байдал үүсгэжээ.

Олон улсын цагаачлалын байгууллагын мэдээлснээр, 7661 хүн АНУ руу цагаачлах гэж байгаад амиа алдсан буюу сураггүй алга болсон байна. Түүнчлэн 988 хүн золгүй тохиолдлоор буюу хүний хүчин зүйлээс шалтгаалахгүй осолд орж амь үрэгджээ.

 


Мексикийн Сьюдад-Хуарес хот дахь Цагаачдын төвд гал гарсны улмаас 39 хүн амиа алджээ   
Үзсэн: 512 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй