Шууд Chart

Боксын ДАШТ-д 104 орны 640 боксчин 13 жинд өрсөлдөнө

2023-04-25 11:32:40

Сонирхогчдын боксын эрэгтэйчүүдийн ДАШТ ирэх тавдугаар сарын 1-14-нд Ташкент (Узбекистан) хотод болно. Одоогийн байдлаар тус тэмцээнд 104 орны 640 боксчин 13 жинд өрсөлдөхөөр мэдүүлгээ өгчээ.

Энэ ДАШТ сонирхогчдын бокс төдийгүй сонирхогчдын спортын түүхэнд хамгийн өндөр буюу 5,2 сая ам.долларын шагналын сантай болж байгаагаараа онцлог. Нийт 13 жингийн аваргууд тус бүр 200 мянган ам.доллар хүртэнэ. Мөнгөн медальтай тамирчин 100 мянган ам.доллар, хүрэл медальтан 50 мянган ам.доллар халааслаад эх орондоо харих юм.

Ташкентын ДАШТ-д өнгөрсөн тэмцээний долоон дэлхийн аварга зодоглоно. Үүнд: Казахстаны Сакен Бибосынов, Софиан Омиха (Франц), Томоя Цүбои, Севонретс Оказава (хоёул Япон), Лорен Альфонсо (Азербайжан), Йоэнлис Эрнандес Мартинес, Хулио Ла Круз (хоёул Куба).

Тэмцээнд АНУ, Герман, Их Британи, Нидерланд, Филиппин, Швед, Ирланд, Польш, Украин зэрэг улсын тамирчид оролцохгүй бойкот зарласан.

Узбекистаны шигшээ багийн дасгалжуулагч Рахматжон Рузиохунов энэ талаар “Эсэргүүцэл зарлаж, Ташкент хотод ирээгүй шигшээ багууд бидэнд ямар ч нөлөө үзүүлж чадаагүй. АНУ-ын баг гэхэд зөвхөн 80 кг-ын жинд л сайн тамирчидтай. Америкийн баг ирсэн ч өрсөлдөөн үзүүлж чадахгүй байсан. ДАШТ-д 104 орон оролцоно шүү дээ. Хэрэв 104 орон эсэргүүцэл хийгээд 14 орон л оролцож байсан бол байдал өөр байх байлаа. Тэгвэл ДАШТ-ий нэр хүнд, түвшин уналаа гэж хэлж болох байсан. Аравхан орон ирээгүй гээд 104 орон оролцож байгаа тэмцээнд ямар ч нөлөө байхгүй” гэж ярьжээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Боксын ДАШТ-д 104 орны 640 боксчин 13 жинд өрсөлдөнө  
Үзсэн: 339 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй