Шууд Chart

Дэлхийн аварга болсон Казахстаны боксчин 300 мянган ам.доллар гардана

2023-04-26 11:50:31

Сонирхогчдын боксын эрэгтэйчүүдийн ДАШТ ирэх тавдугаар сарын 1-14-нд Ташкент (Узбекистан) хотод болно. Одоогийн байдлаар тус тэмцээнд 104 орны 640 боксчин 13 жинд өрсөлдөхөөр мэдүүлгээ өгөөд байгаа юм.

Энэ ДАШТ сонирхогчдын бокс төдийгүй сонирхогчдын спортын түүхэнд хамгийн өндөр буюу 5,2 сая ам.долларын шагналын сантай болж байгаагаараа онцлог. Нийт 13 жингийн аваргууд тус бүр 200 мянган ам.доллар хүртэнэ. Мөнгөн медальтай тамирчин 100 мянган ам.доллар, хүрэл медальтан 50 мянган ам.доллар халааслаад эх орондоо харих юм.

Тэгвэл Казахстаны боксын холбооноос энэ өндөр шагнал дээр нэмж, их хэмжээний мөнгө дэлхийн аварга болсон тамирчдадаа амлалаа.

IBA холбооноос дэлхийн аварга болсон тамирчинд олгох 200 мянган ам.доллароос гадна Казахстаны боксын холбоо алтан медаль хүртсэн тамирчиндаа 100 мянган ам.доллар өгөх болжээ. Өөрөөр хэлбэл энэ жилийн ДАШТ-д түрүүлсэн Казах боксчин 300 мянган ам.долларын шагнал авна гэсэн үг юм. Өрсөлдөгч Узбекистан нутаг дээрээ дэлхийн аваргыг зохион байгуулж байгаа тул хоёр орны өрсөлдөөн рингээс халин гарсан нь энэ. 

Тус холбооны тэргүүн Кенес Ракишев “Тамирчдаа дэлхийн аварга цолны төлөө улам илүү хичээн өрсөлдөөсэй гэсэндээ нэмэлт шагнал гаргаж байна. Уламжлал ёсоор энэ шагналыг улсаас гаргахгүй, миний санхүүгийн эх үүсвэрээс гаргах юм. Аваргуудад 100 мянган ам.доллар амлаж байна. Медальтнууд ч шагналтай” гэж сэтгүүлчдэд мэдэгджээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Дэлхийн аварга болсон Казахстаны боксчин 300 мянган ам.доллар гардана   
Үзсэн: 243 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй