Шууд Chart

Дэлхийн хамгийн том номын сан

2023-04-29 15:34:15

Дэлхийн хамгийн том номын сан АНУ-ын Вашингтон хот дахь Конгрессын номын сан юм. Конгрессын номын сан нь “Дэлхийн бүх шилдэг номыг авна” гэсэн уриатай.

Нийт хадгаламжийн нэгж нь 173 сая (173,731,463). Үүнд, каталогжуулсан 51 сая материал байгаа бөгөөд 25.2 сая ном, хэвлэмэл материал 15.7 сая гаруй, аудио материал (диск, соронзон хальс, ярианы ном болон бусад формат) 4.2 сая, видео бичлэг 3.6 сая, гэрэл зураг 14 сая хадгалагдаж байна.

Мөн ангилалгүй тусгай цуглуулгад 132.7 зүйл материал байгаагаас гар бичмэл 75.7 сая, газрын зураг 5.6 сая, хөгжмийн бичлэг 8.2 сая, бусад сурвалж цуглуулга 2 сая гаруй хадгалагдаж байна.

Уг номын сан нь олон нийтэд нээлттэй үйлчилдэг тул харааны болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан брайль, аудио ном, том хэвлэмэл материалыг 17.5 сая гаруй хувь гаргажээ.

Нийт номын 1/3 нь англи, үлдсэн нь бусад хэлээр байдаг аж. Конгрессын номын санд дэлхийн улс орны 470 хэл дээрх материал бий. 

Конгрессын номын сан дахь Томас Жефферсоны 6487 ном бүхий хувийн номын санг АНУ-ын нийслэлийг Вашингтон руу шилжүүлэхтэй холбоотой хуулийг АНУ-ын ерөнхийлөгч Жон Адамс (John Adams) 1800 онд баталжээ.

Энэ хуульд Конгрессын номын сан байгуулах тухай заалт орсон байна. Иймээс номын санг 1800 онд АНУ-ын Ерөнхийлөгч үүсгэн байгуулсан гэж үздэг бөгөөд ерөнхийлөгч Жон Адамс ном худалдан авахад зориулж 5000 долларын хөрөнгө оруулалт хийжээ.

1814 оны наймдугаар сарын 24-нд Британийн цэргүүд номын сан байрлаж байсан Капитолын барилгыг шатааж, 3000 боть бүхий үндсэн цуглуулгыг нь устгасан байна. Иймд Конгресс 1815 оны нэгдүгээр сарын 30-нд Томас Жефферсоны 6487 ном бүхий хувийн номын санг 23950 доллароор худалдан авахыг зөвшөөрчээ.

1800 онд батлагдсан АНУ-ын нийслэлийг Вашингтон руу шилжүүлэхтэй холбоотой хуулийн заалтад ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, сенатын танхимын гишүүд, төлөөлөгчдийн танхимын гишүүд л орох эрхтэй номын сан байгуулах тухай байв.

Хууль тогтоогчид баталж буй хуулийнх нь талаар Америк болон дэлхий нийтэд шинээр гарсан номуудыг унших, судлах зориулалттай Конгрессын гишүүдэд зориулсан уншлагын танхимтай байсан нь сүүлдээ үндэсний номын сан болон өргөжжээ.

Дэлхийн хамгийн том номын сан болсон түүх нь нэг чухал хууль баталсантай холбоотой. АНУ-ын Конгрессын номын сангийн захирлыг “Конгрессын номын санч” гэнэ. Мөн Конгрессын номын сангийн захирал нь Конгрессын гишүүн байдаг. “Конгрессын номын санч” Зохиогчийн эрхийн тухай маш чухал хуулийг 1871 онд батлуулжээ.

Энэ хуульд “АНУ-д хэвлэгдэж байгаа зохиогчийн эрх авах бүх ном болоод номтой холбоотой зүйлд зохиогчийн эрх авах бол тухайн бүтээлээсээ хоёр хувийг Конгрессын номын санд заавал илгээж байх ёстой” гэж заасан. Үүнд, дуу, зохиол, гар бичмэлээ баталгаажуулах, кино, хөгжим гэх мэт зохиогчийн эрх авах шаардлагатай оюуны бүтээлүүд хамаарна. Зохиогчийн эрхийг нь Конгрессын номын сан батална.

Конгрессын номын сангийн нэг давхарт тэр чигээрээ Зохиогчийн эрхийн тасаг ажилладаг. АНУ-д жил бүр зөвхөн ном гэхэд 3 сая хэвлэгдэж байна. Зохиогчийн эрхийн тухай хууль батлагдсанаас хойш Конгрессын номын сан руу олон тооны ном, материал цувах болж дэлхийн хамгийн том номын сан болох гол үндэс тавигджээ. Тэр үед ном нь номын сандаа багтахаа больсон учир Тусгай номын сан барих ёстой гэсэн хууль баталжээ.

Тэр байшин нь Конгрессын номын сангийн одоогийн барилга аж. 1870-аад оноос хойш 10 гаруй жил барьсан барилга ашиглалтад орсноор дэлхийн хамгийн том, хамгийн үнэтэй, хамгийн аюулгүй номын сан гэх гурван үзүүлэлтээр “хамгийн” тодотгол авсан түүхтэй. Конгрессын номын сангийн энэхүү барилга Капитол ордонтой, газар доогуур холбоотой байдаг аж.

1962 оноос хойш улс орнуудаас судалгааны материал олж авах, каталогжуулах, хадгалах зорилгоор Шинэ Дели (Энэтхэг), Каир (Египет), Рио-де-Жанейро (Бразил), Жакарта (Индонез), Найроби (Кени), Исламабад (Пакистан) зэрэг 60 гаруй орныг хамтын ажиллагааны хөтөлбөрт хамруулж, муж улсын номын сангуудад төлөөлөл байгуулжээ.

Конгрессын номын сан нь дэлхийн дижитал номын сангийн контентыг хангахын тулд дэлхийн өнцөг булан бүрт буй байгууллагуудтай хамтран ажиллаж байна.

Конгрессын номын санд улс орон бүрт зориулсан тасаг, уншлагын танхимууд байдаг бөгөөд өдөрт ойролцоогоор 31000 шинэ ном ирдэг байна. Номын сангийн Африк, Ойрх Дорнодын уншлагын танхим нь тус бүс нутгийн ром хэл дээрх 600,000 боть номтой.

Азийн уншлагын танхимд Монгол, Төвөд, Хятад, Япон, Солонгос орны 3 сая гаруй материал хадгалагдаж байна. Орос хэл дээр 750,000 гаруй материал бий. Мөн номын сангийн 10 сая гаруй ном, сэтгүүл, сонин, газрын зураг, гар бичмэл, гэрэл зураг, зурагт хуудас, бичлэг, хөгжим болон бусад материал бүхий Ибери, Латин Америк, Карибын тэнгисийн цуглуулга нь дэлхийн хамгийн том бөгөөд бүрэн дүүрэн цуглуулга юм. 

Азийн уншлагын танхимын монгол номын сан хөмрөг: Жил бүр 1,700,000 орчим уншигч Конгрессын номын сангаар үйлчлүүлдэг. 3194 үндсэн ажилтантай бөгөөд тэдний нэг нь Конгрессын номын сангийн номын санч, Азийн уншлагын танхимын монгол номын мэргэжилтэн, хэл шинжлэлийн ухааны доктор Мягмарын Саруул-Эрдэнэ юм. Тэрбээр уг номын санд сайн дурын, гэрээт, үндсэн ажилтнаар тасралтгүй 18 жил ажиллаж монгол номдоо каталог үүсгэн, монгол зохиолчдыг бүртгэж, монгол судлалын хүрээг тэлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буй эрдэмтэн билээ.

М.Саруул-Эрдэнэ доктор нэгэн ярилцлагадаа монгол номын сан хөмрөг үүссэн түүхээс өгүүлжээ. Сийрүүлбэл, Монгол номын сан хөмрөгийн суурийг АНУ-ын төвөд, монгол судлаач, дипломатч Уиллим Вудвилл Рокхилл /1854-1914/ үүсгэжээ. Бээжин дэх ЭСЯ-нд дипломат ажилтан байхдаа буюу элчин сайд болохоосоо өмнө Монгол, Төвөдөөр аялж ном цуглуулж байв. Тэр цуглуулгаасаа Конгрессын номын санд дурсгаснаар 1901 онд “Ихэд тонилгогч судар”-ын гар бичмэл тэргүүтэй анхны монгол гурван ном ирсэн түүхтэй.

Конгрессын номын санд зөвхөн ховор хуучин монгол ном гэхэд бараг 300-аад бий. Улаанбаатар хот дахь төлөөлөгчөөрөө дамжуулан сар бүр 20-30 төрлийн орчин үеийн ном авч байна.  

Номын сангийн Африк, Ойрх Дорнодын уншлагын танхим нь тус бүс нутгийн ром хэл дээрх 600,000 боть номтой. 

Конгрессын номын сан нь Хөгжмийн тасагтаа дэлхийн хамгийн том лимбэний цуглуулгатай. Нийт 1700 лимбэтэй. Уг цуглуулгад лимбэтэй холбогдох ном, гар бичмэл, ноот, уран баримал, бэлэг дурсгал хүртэл багтана. Дэлхийн өнцөг булан бүрээс авчирсан, хөгжмийн түүхийн цаг хугацааг бараг л бүрнээ төлөөлөх лимбэнүүд бий. Эдгээрийг тив бүрийн 460 гаруй хөгжим урлаач, хөгжмийн түүхч цуглуулагч нараас авчээ.

Конгрессын Хуулийн номын сан нь дэлхийд мөн л хамгийн томд тооцогддог. 2,9 сая гаруй боть хадгалагдаж буйгаас дэлхийн шилдэг ховор хуулийн номын цуглуулга, хууль зүйн сэтгүүлүүд, АНУ-ын конгрессын хэвлэмэл материалууд иж бүрнээрээ бий.

Конгрессын номын санд Хойд Америкийн 700,000 гаруй боть ховор ном байх бөгөөд бөмбөрцгийн баруун хагастаа 15-р зууны үеийн хамгийн том номын цуглуулга юм. Энэ цуглуулгад одоогийн АНУ-д хэвлэгдсэн анхны ном болох "The Bay Psalm Book" (1640) багтсан болно. Мөн "Хүүхдийн тоглоомын шинэ зүйл" (Филадельфи, 1763), "Хүүхдийн Библи" (Филадельфи, 1763) зэрэг нэн ховор 100 орчим хүүхдийн ном байдаг. 

Хамгийн анхны хэвлэмэл ном болох Гуттенбергийн Библи гуравхан хувь бүрнээрээ үлдсэний нэг нь Конгрессын номын санд хадгалагдаж байна. 

Конгрессын номын санд буй хамгийн жижиг ном нь 0.9 мм х 1.25 мм хэмжээтэй “Old King Cole” юм. Өгүүлбэрийн эцэст хатгадаг цэгийн хэмжээтэй ном аж. Нийтлэлд хавсаргасан зураг дээр нэгтийн мөнгөтэй харьцуулан үзүүлжээ.

Конгрессын номын сангийн хамгийн хамгийн

• Конгрессын номын санд буй хамгийн жижиг ном нь 0,9 мм х 1,25 мм хэмжээтэй “Old King Cole” юм. Өгүүлбэрийн эцэст хатгадаг цэгийн хэмжээтэй ном аж. Нийтлэлд хавсаргасан зураг дээр нэгтийн мөнгөтэй харьцуулан үзүүлжээ.
• Хамгийн том ном нь 1,5 м х 2,1 м хэмжээтэй Бутаны зурагт альбом. Майкрософт компанийн дэмжлэгтэйгээр Массачусетсийн Технологийн Их Сургуулийн оюутны баг Өмнөд Азийн энэ улсын эртний амьдрал соёлыг тэмдэглэж, 40 мянган өндөр нягтшилтай болгож Бутаны Үндэсний архивт байршуулжээ. Зурагт номын нэг хувийг Конгрессын номын санд хандивласан байна.
• Хамгийн эрт үеийн бичгийн дурсгал нь НТӨ 2040 оны бичээс бүхий хавтага аж.
• Хамгийн эртний барламал ном нь НТ 770 оны үеийн буддын шашны судрын хэсэг бөгөөд Конгрессын номын сангийн Азийн уншлагын танхимд хадгалагдаж байна.
• Хамгийн анхны хэвлэмэл ном болох Гуттенбергийн Библи гуравхан хувь бүрнээрээ үлдсэний нэг нь Конгрессын номын санд хадгалагдаж байна.
• Эцэст нь, Конгрессын номын сангийн Гар бичмэлийн тасгийн хамгийн чухал материал нь Жорж Вашингтоноос Калвин Кулиж хүртэлх 23 ерөнхийлөгчийн баримт бичиг аж. 

Эх сурвалж: ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн


Дэлхийн хамгийн том номын сан  
Үзсэн: 999 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2023-04-30 09:10
Iimerhuu nomiin santai boltsgooy

Бидэнтэй нэгдээрэй