Шууд Chart

Монголын радиогоос “Дижитал нүүдэл” хэлэлцүүлэг боллоо

2023-05-01 13:42:42

Монголд радио хэмээх шидэт хайрцаг анх дугарсан өдөр нь 1931 оны тавдугаар сарын 1. Энэ өдөр Нийслэлийн зарим цэгт бидний ярьж заншсанаар "Цагаан хоолой" байрлуулж, Майн 1-ний баярыг дамжуулж байжээ.

Харин орон даяар радио нэвтрүүлгийг 1934 оны энэ өдөр цацаж эхэлсэн нь албан ёсоор Монголын үндэсний радиогийн үүсэн байгуулагдсан өдөр хэмээн тэмдэглэгдсэн юм.

Өдгөө Монголын радио 89 жилийнхээ ойтой золгож байгаа бол Р3 радио 15 жилийнхээ ойг тэмдэглэж байна.

Тэгвэл өнөөдөр “Улаанбаатар галирей”-д “Дижитал нүүдэл” нэртэй радио салбарын хэлэлцүүлэг боллоо.

Радио сонсох хэрэгцээ шаардлага сонсогчдод байсаар байгаа тул тэд цаашид хэрхэн хөгжих вэ гэдгээ ярилцлаа.

Анх 1930 онд МАХН-ын Төв Хороо, Хянан байцаах төв комиссийн хамтарсан хурал “Агаарын мэдээ байгуулах явдал болбоос маш чухал бөгөөд даруй гүйцэтгэвээс зохих ажил мөн” гэж заагаад Ардын Хувьсгалийн 10 жилийн ойн баярын өмнө заавал багтаан радио нэвтрүүлэг эхлүүлэх хэрэгтэй гэж онцлон тэмдэглэжээ. Вандализм байгуулах ажилд олон нийтийн хүчийг татан оролцуулах үүргийг Худалдаа аж үйлдвэрийн яаманд даалгажээ. Үүний дараа 1930 онд ЗХУ-аас радио хүлээн хүлээгч, микрофон, чанга яригч гэх мэт тоног төхөөрөмж авч иржээ. Радиогийн материал техникийн баазыг байгуулахын тулд “Монгол радио” гэдэг хоршоог байгуулжээ.

Ийнхүү 1931 онд радиогийн техникийн мэргэжилтэн бэлтгэх зорилгоор 12 хүнийг ОХУ-ын Эрхүү хот руу илгээсэн байдаг. Тэд хоёр жилийн дараа эх орондоо эргэн ирэхдээ Монголын радиогийн анхны мэргэжлийн ажилтнууд болжээ. Мэргэжилтэн, тоног төхөөрмжөө бэлтгэсэний дараа туршилтын журмаар радио нэвтрүүлэг хийж эхэлсэн байна.

1931 оны тавдугаар сарын 1-нд Засгийн газар, Цэнгэлдэх хүрээлэн, Лениний нэрэмжит клуб зэрэг хэд хэдэн газар радио цагаан хоолой байрлуулж, 19:00 цагаас Монгол, Орос, Хятад хэлээр илтгэл уншуулж, дуу хөгжим нэвтрүүлжээ. Мөн оны зургаадугаар сарын 20-ноос эхлэн Ардын хувьсгалийн 10 жилийн ойн өмнө Улаанбаатар хотод долоо хоногт хоёр удаа радио нэвтрүүлэг явуулсан билээ.

Өнөөдрийн хэлэлцүүлгийг МҮОНРТ-ийн Ерөнхий захирал А.Бүрэнбаатар нээж үг хэлсэн бол МҮОНР-ийн 3-р суваг, P3 радиогийн ерөнхий продюсер Э.Энхтүвшин “Радио үйлдвэрлэлд дижитал технологи нэвтрүүлэх нь”, Радио, телевизийн үндэсний  сүлжээ УТҮГ, Техникийн хэлтсийн дарга Д.Галбадрах нарын зэрэг хүмүүс “Радио дамжуулах системийг тоон технологид шилжүүлэхийн ач холбогдол” зэрэг илтгэл тавьсан юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Монголын радиогоос “Дижитал нүүдэл” хэлэлцүүлэг боллоо   
Үзсэн: 561 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй