Шууд Chart

Хавдрын тусламж үйлчилгээний чиглэлээр хамтран ажиллахаар болов

2023-05-27 09:03:04

Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Др. С.Төгсдэлгэр Хавдрын эрдэм шинжилгээний олон улсын агентлаг болон Женевийн Их Сургуулийн эмнэлгийн удирдлагуудтай Женев хотноо албан уулзалт хийлээ. 

Хавдрын эрдэм шинжилгээний олон улсын агентлаг нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай албан ёсны харилцаа бүхий агентлаг бөгөөд хорт хавдрын шалтгаан, тархвар зүйн нөхцөл байдлын талаар судалгаа хийхэд улс орнуудад мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх, хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг байгууллага юм.

Тус байгууллага нь Эрүүл мэндийн яамны харьяа Хавдар судлалын үндэсний төвтай хамтын ажиллагаатай бөгөөд өнгөрсөн хугацаанд тус төвийн эмч мэргэжилтнүүдийг богино, дунд хугацааны сургалтад хамруулах, хамтарсан судалгаа хийх, олон улсын мэргэжлийн сэтгүүлд судалгаа хэвлэн нийтлүүлэх зэрэг чиглэлээр хамтран ажиллаж ирсэн бөгөөд цаашид хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргаж, хавдрын чиглэлээр үндэсний сургалтын нэгж бий болгох талаар санал солилцлоо.

Мөн өдөр Др. С.Төгсдэлгэр Женевийн Их Сургуулийн эмнэлгийн Дэд захирал Др.Алэйн Коллитэй уулзлаа.

Уулзалтаар Хавдар судлалын үндэсний төвийн эмч мэргэжилтнүүдийг тус эмнэлэгт эмнэлзүйн сургалтад хамруулахаар ярилцаж, зарчмын хувьд тохиролцлоо.

Швейцарийн мэс засалчдын баг манай улсын мэс заслын тусламж үйлчилгээний үндэсний чадавхыг бэхжүүлэх чиглэлээр 2015 он хүртэл 10 гаруй жил үр бүтээлтэй ажиллаж байсан бөгөөд Эрүүл мэндийн яамны зүгээс уг хамтын ажиллагааг сэргээж, цаашид үргэлжлүүлэх ерөнхий тохиролцоонд хүрлээ. 

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

Хавдрын тусламж үйлчилгээний чиглэлээр хамтран ажиллахаар болов  
Үзсэн: 518 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй