Шууд Chart

Жаргалтай гэр бүлийн үнэ цэнэ

2023-07-03 06:39:19

Халуун дулаан итгэлээ бөхөлж, хайр дүүрэн инээд цалгисан гэр бүлтэй байхад хоёр хүний оролцоо эн тэнцүүхэн байх хэрэгтэй. Хань нь мэрийж байхад гэргий нь уруудуулж ер болохгүй. Гэргий нь дэмжиж байхад хань нь самуурч бас болохгүй. Аашилж аргадах ухаанаа аль алиндаа ойлгуулж явахын цагт амьдрал болж бүтээд аяндаа өөдөлнө. Таны гэр бүлийн үнэ цэнэ ханьдаа өгч байгаа таны сэтгэлд байдаг. Нөхөр бол гэр бүлийн ноён нуруу, сайн сайхан амьдралыг бүтээгч төдийгүй эхнэр, үр хүүхдийнхээ түшиг тулгуур нь болсон чухал хүн юм.  
 
Хүүхэд ямар хүмүүжил, зан төлөвтэй хүн болж төлөвших нь эцэг, эx болон гэр бүлийн доторх дотно харилцаа уур амьсгалаас шалтгаална. Хэрэв нөхөр нь дураараа аашлан бүдүүлэг үг хараал хэлж, эхнэр хүүхдээ гомдоож дарангуйлвал гэр бүлийн тэргүүн биш, гэр бүлээ зовлонд унагасан дарангуйлагч болж хувирдаг.

Гэр бүл болно гэдэг нь шинээр нэгэн байгууллага байгуулахтай адил. Ирээдүйд хоёрхон хамтрагчтай энэ байгууллагын гишүүдийн тоо нэмэгдэж үүсгэн байгуулагчдын хоорондын эв нэгдэл уялдаа холбооноос шалтгаалан үйл ажиллагаа нь эрүүл байх эсэх нь шийдэгдэнэ. Гэр бүлийн амьдралд эхнэр, нөхрийн төгс харилцаа маш чухал байдаг. Эрүүл гэр бүлд эрүүл үр хүүхэд өсөн хүмүүждэг.
 
Сэтгэл дэх үнэ цэнээрээ та гэр бүлээ хамгаалж чадна. Итгэж найдаж, түшиж тулж, аргадаж зөөллөж, анзаарч ойлгож явах ухааныг хэн хэнийхээ сэтгэлээс мэдэрч явахын цагт гэр бүл бат бөх оршин тогтноно.

Миний гэр бүлийн үнэ цэнэ хань бид хоёрын үнэнч сэтгэлд багтдаг. Нэг нэгнээ байгаагаар нь хүлээн зөвшөөрч, заримдаа маргах үе гарлаа ч бусдад энэ тухай хэлдэггүй. Бие биенээ амжилтад хүргэхийн төлөө дэмжиж, хааяа алдаа гаргах өдөр байлаа ч нэрмэж сэтгэлийг нь зовоодоггүй.

Хүн сайн сайханд тэмүүлэх л гэж гэр бүлтэй болдог. Сайн сайхнаа хуваалцах л гэж гэр бүлээ хамгаалдаг. Сайн сайхныг бүтээх л гэж гэр бүлээ босгодог. Жаргалтай гэр бүлийн үнэ цэнэ бол сайн сайхнаар үлгэрлэх юм. 


Жаргалтай гэр бүлийн үнэ цэнэ   
Үзсэн: 1980 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Энхлин [127.0.0.xxx] 2024-11-13 18:11
Их гоё байна шүү

Бидэнтэй нэгдээрэй