Шууд Chart

АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ: Хятадын эртний түүх соёлын өлгий Жянсү...

2023-07-30 13:49:02

Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл болон БНХАУ-ын Бүх Хятадын Сэтгүүлчдийн холбооны хамтын ажиллагааны хүрээнд ӨМӨЗО-ны Ардын Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дэмжлэгээр "Хятадад уулзъя-Шинэ зуунтай танилцъя" сэдэвт хамтарсан сурвалжилгыг зохион байгуулсан юм.

Энэхүү аяллаас бэлтгэсэн тэмдэглэлийн үргэлжлэлийг уншигч танд хүргэж байна.

Хятадын шинэ зуунтай танилцах сэтгүүлчдийн аялал Жянсү мужид үргэлжиллээ. Тус муж нь Шанхай хотоос 200 гаруй километрийн зайд хэдий ч хурдны галт тэргээр ердөө 20 минут л явж очсон.

Хэдхээн жилийн өмнө Шанхайн чийглэг хөрстэй энэ газарт метро барих ямар ч боломжгүйг олон орны энэ салбарын мэргэжилтнүүд хэлж байсан ч хятадууд цөхрөлгүй зүтгэж, инженер техникийн ажилчид нь уйгагүй судалгаа хийснээр метро барих нээлтийн чанартай шинэ технологийг олж, бүтээн байгуулалтаа хийж чаджээ. Эдүгээ дэлхийн хамгийн урт метротой хот болсон гайхам түүхийг нутгийнхан бидэнд хуучилсан.  

200 километр газрыг 20 минутад туулагч

Жянсү бол Хятадын алдарт “Мэлрэг цэцэг” ардын дууны өлгий нутаг юм.

Хятадын зүүн эрэг, Хөхмөрний доод урсгалд орших Жянсү нь дэлхийн 65 орны 357 хоттой найрсаг харилцаа тогтоосон, дэлхийн шилдэг 500 компанийн 392-ынх нь хөрөнгө оруулалтыг татаад буй Хятад улсын хэмжээнд хамгийн их гадны хөрөнгө оруулалтыг татсан муж юм билээ.

Тэр ч бүү хэл, тус муж 2022 онд  боловсрол, шинжлэх ухаан, технологийн дэвшлээрээ Хятад улсдаа тэргүүлж, улмаар гадны хөрөнгө оруулалтаа 30.5 тэрбум ам.долларт хүргэж, эдийн засгаа 5.7 хувь хүртэл өсөн нэмэгдүүлжээ.

Тийм ч учраас Хятадын эдийн засгийн томоохон мужийн нэгт зүй ёсоор багтана.

Сүжөү хотын “Ухаалаг удирдлагын төв”

Энд Жянсү мужийн Сүжөү хотын “Ухаалаг удирдлагын төв”-ийг онцлохгүй байхын аргагүй.

Сүжөү бол өндөр хурдны галт тэрэг болон интернэт, техник технологийн гайхамшгаар Хятад улсдаа тэргүүлж буй бүрэн цахимжсан хот ажээ.

Бидний зочилсон энэхүү ухаалаг автомашины удирдлагын төв нь үүлэн удирдлага, тооцоолох платформ, хиймэл оюуны ухааны мэдээллийн үйлчилгээ зэргийг багтаасан  төрийн үйлчилгээний байгууллага гэнэ.   

Энэ төв нь тус хотод зам дагуу байрлуулсан өөрсдийн камеруудын тусламжтайгаар жолоочгүй автомашинуудын хөдөлгөөн болоод аюулгүй байдлыг дэлгэцээр бүрэн хянах боломжийг бий болгожээ. Жолоочгүй такси, жолоочгүй ухаалаг автобусыг тус хотын үйлчилгээнд нэвтрүүлсэн байна. Яг ийм “Ухаалаг удирдлагын төв” Сүжөү хотод дөрөв байдаг.

Жолоочгүй, ухаалаг автобус, таксиг Сүжөү хот дотроо үйлчилгээнд явуулж эхлээд байна

Үйлчилгээнд гарч буй жолоочгүй ухаалаг мини автобус

Аяллын багийнхан Сүжөү хот дахь Эртний Чин улсын тоосгоны үйлдвэрлэлийн түүхийг илтгэх “Алтан тоосго”-ы музейтэй танилцав.

Архитектур, дизайнер Люй Жякүнь бүтээж, 2016 онд албан ёсоор ашиглалтад оруулжээ

Тус музей нь 2019 онд 4А зэрэглэлийн аялал жуулчлалын үзэсгэлэнт газраар үнэлэгдсэн аж.

Алтан тоосгоны музей нь эртний тоосго шатаах зуухны үлдэгдэл, музейн үндсэн барилга, орчин үеийн уран зургийн төв, тоосго үйлдвэрлэлийн цех, соёлын бүтээлч ажлын танхим, соёлын дэлгүүр зэргээс бүрдэнэ.

Музейд зочилсноор эртний Хятадын хаад, ноёдын орд харш байгуулахад хэрэглэдэг байсан тоосгыг үйлдвэрлэж байсан үйл явц, ашиглалтыг үзэж болохоос гадна тухайн цаг үеийн зэр зэвсгийг сонирхох боломжтой ажээ.

 

Түүнчлэн эндээс шар шавраар хаан, язгууртнуудын орд харшийг хэрхэн бүтээн байгуулж байсан түүхийг сонирхож болох юм.

Тэд эртний соёл,  уламжлалаа хадгалж, харуулж чадсанаараа жуулчдын анхаарлыг их татдаг гэлээ.

“Алтан тоосго”-ы музей 600 жилийн түүхтэй юм. Тэд тоосго хийхдээ багадаа л хоёр жил зарцуулдаг, нэг тоосгоны жин 100 килограмм байдаг гээд олон сонирхолтой мэдээллийг бидэнд өгч байлаа.

Нэг тоосгоны жин дундажаар 100 кг байдаг аж

 

Одоо ч хүүхэд багачууддаа зориулан тоосго хэрхэн хийж сурах талаар урлан ажиллуулж байна.

Нэг тоосго хийхэд дор хаяж 2 жил зарцуулдаг

Бидний зочилсон дараагийн газар Сүжөү хотын Био анагаахын аж үйлдвэрийн парк байв.

Тус парк нь өнөөдрийн байдлаар 620 гаруй өндөр технологийг судлан хөгжүүлэх, аж ахуйн нэгжийг бүрдүүлж, шинэ эм бүтээх, эмнэлгийн хэрэгсэл, био технологи зэрэг аж үйлдвэрийн кластеруудыг бий болгожээ. Энд 35 мянга орчим эрдэмтэн, судлаач ажиллаж байна.

Эсийн түвшинд эмчилдэг эм, өндөр зэрэглэлийн эмнэлгийн тоног төхөөрөмжийг үйлдвэрлэж байна

 

Эрүүл мэндийн салбарт тэд шинийг бүтээж, шилдгийг үйлдвэрлэхээр өдөр, шөнөгүй ажилладаг гэсэн үг. Найман салбартай уг төв нь эсийн түвшинд эмчилдэг эм, өндөр зэрэглэлийн эмнэлгийн тоног төхөөрөмжийг төрийн санхүүжилтээр аж ахуйн нэгжүүдтэй хамтран үйлдвэрлэж зах зээлд нийлүүлж байна.

Наньтун хотын Таван уулын экологийн бүс

"Хятадад уулзъя-Шинэ зуунтай танилцъя" сэдэвт хамтарсан сурвалжилгын багт Хятадын Наньтун хотод ажиллах завшаан тохиосон юм.  

Тэмдэглэлдээ би Наньтун хотын Хөхмөрний эрэг дагуу орших Таван уулын экологийн бүсийг чухалчилсан нь учиртай.

Таван уулын бүс нь Хөхмөрний эрэг дагуу оршдог. Өөрөөр хэлбэл, голын эрэг дагуу 14 км үргэлжилдэг ногоон байгууламж бүхий жишиг бүс юм.

Тухайн бүс өмнө нь аж үйлдвэр, хуучин боомт, оршин суугчдын хороолол байсан учраас орчны бохирдлын асуудлаар хурцаар яригддаг газар байж.

Улмаар засаг захиргааны шийдвэрээр 2016 онд Таван уулын бүсийн экологийн нөхөн сэргээлтийн ажлыг эхлүүлжээ. Ингэхдээ тухайн бүсэд үйл ажиллагаа явуулж байсан 203 аж ахуйн нэгжийг нүүлгэн шилжүүлж, 162 завины үйл ажиллагааг зогсоож, 65000 хавтгай дөрвөлжин талбайд байсан хууль бус барилга, байгууламжуудыг нураасан байна.

Мөн гол дагуух боомтуудын ачаа тээвэрлэх үйл ажиллагааг зогсоож, 12 км голын эргийг нөхөн сэргээж, шинээр ойжуулсан байх юм. Ингэснээр тус эргийн 80 хувийг ногоон байгууламж болгож чаджээ.

2020 онд Хятадын дарга Ши Жиньпин Таван уулын бүсэд ажиллаж, Наньтун хотын ногоон бүсийн бүтээн байгуулалтыг өндрөөр үнэлжээ.

2023 оны эцэс гэхэд эко бүсээ байгуулж дуусахаар төлөвлөж байгаа бөгөөд Наньтун хотын бас нэгэн нэрийн хуудас болгохоор зорьж  буйгаа албаны хүн нь ярьж байв.

Үнэндээ зөв төлөвлөлт гэдэг юу юунаас чухал болохыг эндээс бид харж болохоор байгаа юм.

Хятадууд хөдөлмөрч төдийгүй байгаль экологи,  барилга байгууламж, техник технологи гээд орхигдуулсан салбар нэгээхэн ч үгүй мэт хөгжиж байна.

Салбар салбартаа тэдэнд хийж чадахгүй, мэдэхгүй гэж хойш суусан түүх бараг байхгүй юм шиг  санагдсаныг нуух юун.    

Тиймдээ ч өнөөдөр дэлхийн улсууд дунд хөгжил цэцэглэлтээрээ, техник, технологиороо, жуулчдын нүдийг хужирлах бүтээн байгуулалтаараа, ер нь олон зүйлээрээ дээгүүрт эрэмбэлэгдэж яваа биз ээ.    

Урд хөршөөсөө суралцахын сацуу хувь хүнийх нь хөгжих, боловсрох, аливаа зүйлд хандах хандлагыг хүртэл хараад авахад гэмгүй санагдсан. Бид дэлхийгээс хоцрох биш хөл нийлүүлэн алхах хэрэгтэй шүү дээ.

“Чидүн”-д төрсөн бодол

 

Бидний танилцсан дараагийн газар бол Чидүн хот байлаа. Тунжөү булангийн шинэ далайн гарцын Люйсы 2+2 боомтод ирснээр би бас л өмнө харж байгаагүй зүйлсийг энд үзлээ.   

Люйсы боомт нь Хөхмөрний далайд цутгах хэсэгт оршдог юм байна. Тус боомт нь гүн усны эргийн шугамтай, газрын нөөц баялаг бүхий голын эргийн боомтуудын нэг гэнэ. Энэхүү боомт нь Хятадын “Бүс ба зам” стратегийн болон Хөхмөрний гурвалжин хойгийн бүс нутгийн хөгжлийн нэн чухал хэсэг аж.

2008 онд тус боомтын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж, улмаар дэлхийн жишигт нийцсэн боомт байгуулах зорилт тавьжээ.

Мөн тэд Хөхмөрний эдийн засгийн бүс дэх хуурай болон далайн зам хосолсон тээврийн боомтыг бий болгохоор ч зорьж байна.

Чидүн хотын Намын хороо болон хотын захиргаанаас дөрвөн том усан онгоцны зогсоол барих төсөл эхлүүлжээ. 2020 онд уг төслийг эхлүүлж, 100 мянган тонны даацтай нийтийн зориулалттай хоёр зогсоолыг 2021 оны төгсгөлд ашиглалтад оруулж, боомтыг албан ёсоор нээсэн байна.

Люйсыгаас Шанхай руу долоо хоногт 5 удаа онгоцоор бараа тээвэрлэж байна

 Чингэлэг ачаа тээвэрлэх зориулалт бүхий боомт

Ашиглалтад орсон цагаасаа хойш олон улсын 110, дотоодын 18 хөлөг онгоцыг зогсоолдоо оруулж, 400 мянган тонн ачаа тээвэрлэжээ. Мөн тэд "Хуурай газраас усан зам" гэсэн бизнесийг идэвхтэй хөгжүүлж, "Хүтун экспресс"-ийн хоёр талын суваг бий болгож, Люйсыгаас Шанхай руу долоо хоногт 5 удаа онгоцоор бараа тээвэрлэж байна. Боомт нээгдсэнээс хойш дотоодын 69, олон улсын 12 онгоц үйл ажиллагаагаа явуулж байгаа тухай албаны хүн бидэнд дуулгасан юм.

Энэ мэтчилэн үзсэн харсан, сонссон дуулснаа бичвэл дуусахааргүй их сонинтойгоор БНХАУ-ын Шанхай хот, Жянсү мужийн Сүжөү хот, Наньтун хот, Чидүн хотын техник технологийн дэвшил болон түүх, өв соёлын дурсгалт олон газраар аяллаа.

Төрийнх нь бодлого тууштай, алсыг харсан болохоор Хятад улсын ард иргэд дэлхийтэй хөл нийлүүлэн алхаж чадаж байна гэж би хувьдаа дүгнэсэн.

Зүгээр л гудамжаар нь алхаж явахад тэдний хийсэн бүтээн байгуулалт, технологийн шийдэл эрхгүй харц булааж байна.

Хятад улсад эдийн засгийн эргэлтэд ороогүй зүйл гэж ер нь алга. Музей, хот төлөвлөлтийн ордон, эртний түүхт байшин барилга, зам гээд л хөгжөөгүй зүйл нэгээхэн ч үгүй мэт.

“Хэрэв бид хичээвэл энэ бүгдийг хийж чадна даа” гэсэн цагаахан атаархал тээн аялалаа өндөрлөлөө.

Нийтэлсэн: О.Ундармаа

АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ: Хятадын эртний түүх соёлын өлгий Жянсү...   
Үзсэн: 2890 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй