Шууд Chart

Наадмын маргааш НАМАР...

2023-08-02 21:24:31

Монголчууд бид Үндэсний их бахархал, өв соёлын охь, төрт ёсны бэлгэдэл, түмэн олны баяр цэнгэл Үндэсний их баяр наадмаа ёслол төгөлдөр, өргөн дэлгэр тэмдэглэлээ. Бид ийн жилдээ ганц удаа наадамладаг.

За ингээд баяр наадам маань дууссан уу гэвэл үгүй. Өнгөрөгч долоо хоногоос эхлэн Архангай, Хэнтий, Төв, Дундговь гэсэн аймгуудын ой дарааллаад болов. Одоо ч Хантайшир уулын аймгийн ойн их баяр наадмаар үргэлжилж буй.

Ирэх амралтын өдрүүдэд ч Хүй долоо худагт "Монголчуудын өв соёлын даншиг наадам-хүрээ цам 2023" наадам болох юм гэнэ. Бүр болоогүй залууст зориулсан шоу хүртэл зохион байгуулах юм байх.

Намрын сар найм биш шүү дээ...  Найр наадам хэссээр явтал нэг л өдөр хүйтний ам наашилж, хөхүүрийн ам цаашилсан байдгийг сануулах хэрэггүй биз.

Бид “Наадмын маргааш намар” гэж л ярьдаг... Би бодоходоо наадам дууслаа намрын ажилдаа орцгооё, хатуу өвөл цаана чинь ирж байгаа шүү алив бэлтгэлээ хийцгээе гэсэн сануулга үг болов уу гэж бодож байв. Гэтэл яг бодит байдал дээр тийм биш аж. Зүгээр л “Сүүл толгой холбосон” хэлбэрдсэн л үг аж. Тодруулбал, Монгол Улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмын хаалтыг хааж хэлсэн үгэндээ “Наадмын маргааш намар” айсуй өвөл, ирж буй намрын бэлтгэлээ эртнээс базаая, төр засаг, түмэн олноороо эрч хүчээ нэгтгэж, ажил үйлсээ цэгцэлж, ирэх өвлийн бэлтгэлээ ОДООНООС сайтар хангах хэрэгтэй” гэж мөн л онцолон хэлж байв. Гэвч наадмын маргаашаас түүний хэлсэнчлэн хэн намрын бэлтгэлээ базааж, хадлан тэжээл бэлтгэхэд анхаарч байна вэ?, өвөл хаврыг өнтэй давахад хэн хэрхэн анхаарч байна вэ? хотын их утаа униар, хичээл сургуулийн бэлтгэл,  автомашины замын түгжрэл гээд энэ талаар дурсаж буй нэг ч хүн алга...

Гэтэл Бид дээр дооргүй л аймаг аймгийн баяр наадам хэсэж, идэж ууж ёстой л нэг “саагиж” явна даа.

Бид зуны сарыг зургаа гэж бодоод байна уу гэж бодогдохоор л их баярлаж цэнгэж явах юм. Өөрсдөө ингэж бэлтгэлээ базаахгүй явж, явчихаад эцэст нь ямар ч бэлтгэлгүй өвөлтэй золгочихоод зуданд малаа алддаг гашуун түүх өчнөөн бий дээ.

Ирэх өвөл ямар ч болоо билээ. Одоо хэдүүлээ сайхан наадлаа. Найр наадмаа өндөрлөж, өнөө маргаашгүй өвөл хаврын бэлтгэлдээ гарч, хадлан тэжээлээ базаацгаая....

Өвөл айсуй....

Нийтэлсэн: О.Ундармаа

Наадмын маргааш НАМАР...  
Үзсэн: 2814 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
иргэд [127.0.0.xxx] 2023-08-04 13:13
Наадамын маргааш намар цаг үийн ажил өвс хадлан тариа будаа гээд ундарч өгдөг байсан харин сүүлийн жилүүдэд тэр дундаа энэ жилээс наадамын маргааш наадам дахин наадам,наадам дуусахгүй болжээ
Зочин [127.0.0.xxx] 2023-08-03 08:45
Beltgel ajil 140 huvi

Бидэнтэй нэгдээрэй