Шууд Chart

Өргөмжит консулуудын уулзалт зохион байгуулав

2023-09-09 14:53:30

Хилийн чанадад суугаа Монгол Улсын Өргөмжит консулуудын X зөвлөлдөх уулзалт 2023 оны есдүгээр сарын 7-8-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдав.

Уулзалтад 33 улсад томилогдон ажиллаж байгаа 46 Өргөмжит консул оролцлоо.

Өргөмжит консулууд зөвлөлдөх уулзалтаараа тодорхой асуудал хэлэлцдэг уламжлалтай бөгөөд энэ жилийн уулзалт “Шинэ сэргэлтийн бодлого” сэдвийн хүрээнд болж өнгөрөв.

Уулзалтад Эдийн засаг, хөгжлийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Соёлын яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Цахим хөгжил, холбоо харилцааны яам болон Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур төвийн холбогдох албан тушаалтнууд оролцож, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд өөрийн байгууллагын зүгээс авч хэрэгжүүлж буй ажил, арга хэмжээний талаар мэдээлэл өгч, Өргөмжит консулуудын сонирхсон асуултад хариулав.

Мөн Монголын бизнесийн зөвлөлөөс Өргөмжит консулуудад зориулсан бизнес уулзалтыг зохион байгуулж, Монгол Улсад бизнес эрхлэх орчин, хөрөнгө оруулалт хийх боломжийн талаар санал солилцлоо.

Манай улс 1992 онд анхны хилийн чанадад суух Өргөмжит консулаа томилон ажиллуулж байсан бөгөөд өнөөдрийн байдлаар гадаадын 49 улсад Монгол Улсын 75 Өргөмжит консул томилогдон ажиллаж байна.


Өргөмжит консулуудын уулзалт зохион байгуулав  
Үзсэн: 397 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй