Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт 2026 оны наймдугаар сарын 20-ны өдөр Төв аймагт ажиллах үеэрээ Угтаалцайдам, Цээл, Заамар, Баянхангай сумыг холбох 122.4 км хатуу хучилттай авто замын бүтээн байгуулалтын ажлын явцтай газар дээр нь танилцлаа.
Төслийн хэрэгжилтийн хүрээнд холбогдох байгууллагын удирдлага, инженер техникийн ажилтнуудтай уулзаж, бүтээн байгуулалтын явц, үлдэж буй ажлууд, тулгамдаж буй асуудлын талаар санал солилцсон. Өнөөдрийн байдлаар авто замын барилгын ажлын явц 80 хувийн гүйцэтгэлтэй байна.
Тус авто зам ашиглалтад орсноор Төв аймгийн сум, суурингуудын харилцан уялдаа холбоо сайжирч, иргэдийн аюулгүй, тав тухтай зорчих нөхцөл бүрдэхээс гадна бүс нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжлийг эрчимжүүлэх чухал ач холбогдолтой юм.

Түүнчлэн орон нутгийн худалдаа, үйлчилгээний эргэлтийг нэмэгдүүлж, хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэх, ажлын байр бий болгох зэрэг олон талын үр өгөөж авчрах дэд бүтцийн томоохон бүтээн байгуулалт болж байна.
Мөн газар тариалан, мал аж ахуйн бүс нутгуудад үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг зах зээлд хүргэх тээвэр, логистикийн зардлыг бууруулж, үйлдвэрлэгчдийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ уул уурхай, хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбарын хөгжлийг дэмжих стратегийн ач холбогдолтой төсөл болохыг онцоллоо.

Уулзалтын үеэр төслийн хэрэгжилтэд тулгамдаж буй зарим асуудлыг хөндөн ярилцав. Тухайлбал, зам барилгын ажлын үндсэн түүхий эд, материал тээвэрлэлттэй холбоотойгоор шатахууны хангамжийн тасалдал үүсэх эрсдэл байгаа нь ажлын явцад хүндрэл учруулж байгааг гүйцэтгэгч байгууллагын төлөөлөл танилцууллаа.
Шатахууны үнийн өсөлт нь төслийн өртөг, тээврийн зардалд шууд нөлөөлж, бүтээн байгуулалтын хэвийн үргэлжлэлд тодорхой хэмжээний дарамт үүсгэж байгааг онцолсон юм.
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт хөдөө орон нутгийн хөгжлийг эрчимжүүлэх, иргэдийн амьдрах орчны чанарыг сайжруулах, бүс нутгийн эдийн засгийн интеграцыг бэхжүүлэхэд авто замын сүлжээ онцгой үүрэгтэйг тэмдэглээд, төслийн хэрэгжилтийг төлөвлөсөн хугацаанд нь чанарын өндөр түвшинд гүйцэтгэн ашиглалтад оруулахад төр, хувийн хэвшил болон холбогдох бүх байгууллагын хамтын ажиллагаа, хариуцлагатай оролцоо чухал болохыг онцлон тэмдэглэлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
| Угтаалцайдам, Цээл, Заамар, Баянхангай сумыг холбох 122.4 км авто замын бүтээн байгуулалт 80 хувийн гүйцэтгэлд хүрчээ | ||
| Үзсэн: 115 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.