"AGRI INVEST" Монгол Улсын ногоон хөдөө аж ахуйн үндэсний экосистем хэлэлцүүлэгт Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын сайд Ц.Идэрбат оролцож, салбарын хөрөнгө оруулалтын шинэ боломжууд болон цаашид баримтлах бодлого, замын зураглалын талаар үг хэллээ.
Сайд Ц.Идэрбат хэлсэн үгэндээ, өнөөдрийн зэрэгцээ арга хэмжээ нь зөвхөн хөрөнгө оруулалтын боломжийг танилцуулахаас гадна төр, хувийн хэвшил, хөгжлийн байгууллагуудын хамтын ажиллагааны шинэ үеийг эхлүүлэх хамтын зорилгын эхлэл болохыг онцлов.
Тэрбээр хөдөө аж ахуйн салбарын эдийн засагт эзлэх жингийн талаар "2025 оны жилийн эцсийн байдлаар тус салбар нь Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 34 хувь, экспортын орлогын 5 хувийг бүрдүүлж, нийт ажиллах хүчний 49 хувийг ажлын байраар хангаж байна. Энэ нь манай салбар ажлын байр бий болгох, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, экспортыг төрөлжүүлэх өндөр боломжтойг харуулж байна" хэмээн онцолсон юм.
Мөн түүхий эдийн боловсруулалт, нэмүү өртөг шингээх шатанд тулгарч буй сорилтын тухайд "Монгол Улсын аж үйлдвэрлэлийн статистик мэдээнээс үзэхэд уул уурхайн олборлолт 70 гаруй хувийг эзэлж, хүнсний болон хөнгөн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн 12.5 хувийг л эзэлж байна. Энэ боломжийг бодит эдийн засгийн үр өгөөж болгон хувиргахын тулд боловсруулах үйлдвэрлэл, агуулах, ложистик, хүйтэн хэлхээ, лаборатори, инноваци, дэвшилтэт технологи, сэргээгдэх эрчим хүч, усны хэмнэлттэй үйлдвэрлэлийн чиглэлд томоохон хөрөнгө оруулалт шаардлагатай байна. Иймээс бид зөвхөн хөрөнгө бус, мэдлэг, технологи, менежмент, олон улсын зах зээлд нэвтрэх туршлагыг хамтад нь авчрах урт хугацааны түншлэлийг эрхэмлэж байна" хэмээн мэдэгдлээ.
Засгийн газрын зүгээс эрх зүйн болон бодлогын орчныг сайжруулах хүрээнд Улсын Их Хурлын 2026 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаар Хөдөө аж ахуйн тухай хуулийг эцэслэн батлуулсныг тэмдэглэв. Уг хуулиар сум бүрт “Түүхий эд, бүтээгдэхүүний бэлтгэн нийлүүлэлтийн төв”-ийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр байгуулж, үйл ажиллагааг нь хувийн хэвшлээр гэрээгээр гүйцэтгүүлэхээр хуульчилж өгсөн юм.
Сайд Ц.Идэрбат ярианыхаа төгсгөлд "Цаашид салбарын үйлдвэрлэл, худалдаа, экспортыг дэмжих чиглэлд зөвхөн зээл, дэмжлэгт тулгуурлах бус, шинэ тутам хөгжиж буй “карбоны зах зээл” зэрэг боломжийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн дэлхийн зах зээл дээрх хямд эх үүсвэртэй санхүүжилтийг татах нь чухал. Монгол Улс бол зөвхөн өнөөдрийн боломж биш, ирээдүйн өсөлтийн зах зээл юм. Засгийн газар болон манай яам хөрөнгө оруулагч бүрийг урт хугацааны түнш гэж үзэж, бодлогын тогтвортой, ил тод орчныг бүрдүүлэхэд тууштай ажиллах болно" гэдгийг хариуцлагатайгаар илэрхийллээ.

| Ц.Идэрбат: Агро Секторт зөвхөн хөрөнгө бус, технологи, менежмент татах урт хугацааны түншлэлийг эрхэмлэж байна | ||
| Үзсэн: 70 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.