Шууд Chart

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран ажиллах чиглэлээр санал солилцлоо

2026-08-25 10:33:52

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир өнөөдөр /2026.08.24/ НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Лионел Лорон, дэд дарга Маркос Нетотой хоёр талт уулзалт хийлээ.

Монгол Улсын байгаль орчны салбарын гол түншүүдийн нэг нь НҮБ бөгөөд Монгол орны хөгжил, цэцэглэлт, тогтвортой хөгжлийн тулгуур болсон нийгэм, эдийн засаг, байгаль орчны бүхий л чиглэлд хамтын ажиллагааг бэхжүүлэхэд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр чухал хувь нэмэр оруулж ирсэн.

Уулзалтын үеэр сайд Ц.Сандаг-Очир Монгол Улстай түүхэн цаг үеийг хамтдаа туулж, хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрт талархал илэрхийлээд, талуудын хамтын ажиллагааны цар хүрээ цаашид улам өргөжинө гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

Монгол Улс НҮБ-д элссэний 65 жилийн ой энэ жил тохиож буйтай COP17 хурлыг зохион байгуулж буй үйл явдал давхцаж байгаа нь түүхэн онцлох үйл явдал болохыг ноён Лионел Лорон онцолж, Уур амьсгалын өөрчлөлтийн тухай анхдагч хуулийг баталсан явдалд баяр хүргэлээ. Мөн энэ чиглэлээрх хамтын ажиллагааны цар хүрээг цаашид улам өргөжүүлэхээр төлөвлөж байгаагаа илэрхийллээ.

Уулзалтаар COP17 хурлын жендэрийн асуудал, Риогийн конвенцуудын уялдаа, шилжилт хөдөлгөөн, иргэний нийгмийн байгууллагуудын оролцоо зэрэг хэлэлцээний төслүүдэд дэмжлэг үзүүлэх шаардлага, цөлжилт, газрын доройтлыг бууруулахад чиглэсэн төсөл, хөтөлбөрийн цар хүрээг өргөжүүлэх, ногоон зах зээлийг хөгжүүлэх, тэр дундаа сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зэрэг асуудлаар санал солилцов.

Түүнчлэн талууд Уур амьсгалын ногоон сан, Дасан зохицох сан, Даян дэлхийн байгаль орчны сангийн хүрээнд тулгамдаж буй асуудлыг цогцоор шийдвэрлэхэд чухал нөлөө үзүүлэх төсөл, хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх, COP17 хурлаас гарах шийдвэрүүдийг бодит үр дүнд хүргэх, нүүрстөрөгчийн зах зээлийг хөгжүүлэх, “Тэрбум мод” санаачилгыг өргөжүүлэх зэрэг чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцлоо. 


НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран ажиллах чиглэлээр санал солилцлоо  
Үзсэн: 72 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй