Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч, НҮБ-Хабитатын Гүйцэтгэх захирал Ана Клаудиа Россбах нар 2026 оны наймдугаар сарын 24-нд хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.
Санамж бичгийн хүрээнд Монгол Улсад тогтвортой, хүртээмжтэй, аюулгүй, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй хот байгуулалт, хүн амын нутагшил, суурьшлын хөгжлийг дэмжих чиглэлээр хамтын ажиллагааг системтэй өргөжүүлэхээр тохиролцжээ.
Мөн цаашид хэрэгжүүлэх техникийн хамтын ажиллагаа, төсөл, хөтөлбөр, чадавх бэхжүүлэх ажлын үндсэн суурь баримт бичиг болгохоор төлөвлөсөн байна.
Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан салбарын эрх зүйн орчныг шинэчлэх, тогтвортой хотжилтыг дэмжих, хот дахин төлөвлөлт, орон сууцжуулалт, нийтийн эзэмшлийн талбай болон ногоон байгууламжийг сайжруулах чиглэлээр бодлогын шинэчлэл хийж буйг онцолжээ.
Энэ хүрээнд Хот байгуулалтын тухай хууль, Барилгын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Орон сууцжуулалтын тухай хууль болон Орон сууцны санхүүжилтийн төрөлжсөн банкны тухай хуулийн төслүүдийг боловсруулан УИХ-д өргөн барьсан талаар мэдээлэв.
Тэрбээр НҮБ-Хабитатын олон улсын туршлага, аргачлал, техникийн мэдлэгийг Монгол Улсад нутагшуулах нь хот байгуулалтын шинэчлэлд чухал ач холбогдолтойг тэмдэглээд, хамтын ажиллагааг тогтмол, системтэй, хэмжигдэхүйц үр дүнтэй болгохыг зорьж буйгаа илэрхийлжээ.
| Хот байгуулалт, орон сууцжуулалтын чиглэлээр НҮБ-Хабитаттай хамтран ажиллана | ||
| Үзсэн: 86 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.