Шууд Chart

Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Гадаад хэргийн сайд нарын уулзалт болов

2023-09-22 13:53:08

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлийн хүрээнд Далайд гарцгүй хөгжиж буй орнууд (ДГХБО)-ын Гадаад хэргийн сайд нарын 22 дахь удаагийн уулзалт Нью-Йорк хотноо есдүгээр сарын 21-ний өдөр “Венагаас Кигали хүртэл: ДГХБО-ын хөгжил цэцэглэлт, өөрчлөлтийн дараагийн 10 жилийн үйл ажиллагааг тодорхойлохын төлөө” сэдвийн доор болов.

Уулзалтыг ДГХБО-ын Бүлгийн дарга Ботсвана Улсын Гадаад хэргийн сайд Лемогоанг Квапе нээж, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганы дарга Дэннис Фрэнсис, НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн дарга Паула Нарвазез Ожеда нар үг хэлсэн ба НҮБ-ын Нэн буурай хөгжилтэй, далайд гарцгүй хөгжиж буй болон арлын жижиг орнуудын асуудал эрхэлсэн дээд төлөөлөгч Рабаб Фатима ДГХБО-ын асуудлаарх НҮБ-ын Гуравдугаар бага хурлын бэлтгэл ажлын талаар мэдээлэл хийв.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг уулзалтад хэлсэн үгэндээ ДГХБО-ын “Венийн үйл ажиллагааны хөтөлбөр” болон түүний Замын зураглалын хэрэгжилтийг эрчимжүүлэх явцад манай улсын олсон амжилт, туршлагыг танилцуулахын зэрэгцээ Монгол Улсын санаачилсан Улаанбаатар дахь ДГХБО-ын Олон улсын судалгааны төвийг хөгжүүлэх, ДГХБО-ын агаарын тээврийн хэлхээ холбоог сайжруулах асуудлаар Олон улсын иргэний агаарын тээврийн байгууллагын 41 дүгээр чуулганаар батлуулсан баримт бичгийн хэрэгжилтийг хангахад хамтран ажиллахыг гишүүн улс орнууд, хөгжлийн түншүүд болон бусад талд уриаллаа.

Уулзалтад оролцогчид Руандагийн нийслэл Кигали хотноо 2024 оны 6 дугаар сарын 19-22-ны өдрүүдэд болох ДГХБО-ын асуудлаарх НҮБ-ын Гуравдугаар бага хуралд бэлтгэх үйлсэд хүсэл зориг нэгтэй шамдах, түүний дотор ДГХБО-ын хөгжлийн асуудлаарх дараагийн 10 жилийн төлөвлөгөөг шинэлэг, өөрчлөгч агуулгаар боловсруулахын төлөө үр дүнтэй яриа хэлэлцүүлэг өрнүүлэх шаардлагатай байгааг онцоллоо.


Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Гадаад хэргийн сайд нарын уулзалт болов  
Үзсэн: 569 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй