Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр (UNEP)-ийн Гүйцэтгэх захирал Ингер Андерсен, Экосистемийн хэлтсийн орлогч захирал Дорин Робинсон нартай уулзаж, хамтын ажиллагааг өргөжүүлэх, COP17 хурлын үр дүнгийн хэрэгжилтийг хангах, олон улсын түншлэлийг бэхжүүлэх асуудлаар санал солилцлоо.
Уулзалтын үеэр Ингер Андерсен COP17-ын хүрээнд Африк болон бусад бүс нутгийн улс орнуудад тулгамдаж буй газрын доройтол, гангийн эрсдэлийн асуудалд онцгой анхаарал хандуулах шаардлагатайг тэмдэглэж, байгаль орчны санхүүжилтийг нэмэгдүүлэхийн ач холбогдлыг онцолсон юм.
Мөн UNEP болон Монгол Улсын Засгийн газар хамтран малын халдварт өвчний тархалтыг судалж, голомтыг бууруулахад чиглэсэн 2 сая ам.долларын төсөл хэрэгжүүлэхээр болсныг албан ёсоор мэдээллээ.
Сайд Ц.Сандаг-Очир Монгол Улс болон UNEP-ийн хамтын ажиллагаа 1970-аад оноос хойш үр өгөөжтэй хөгжиж ирснийг онцолж, цаашид хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.
Монгол Улс UNEP болон олон улсын түншүүдтэй хамтран Их говийн дархан цаазат газрын хөгжлийн суурийг тавьж, дэлхийн ач холбогдол бүхий экосистем, ховор амьтдын амьдрах орчныг хамгаалахад үнэтэй хувь нэмэр оруулсан.
Үүнээс гадна цаатан иргэдийн амьжиргааг дэмжих, хүлэрт намгийн экосистемийг хамгаалах, аюултай хог хаягдлын менежментийг сайжруулах, химийн бохирдлын үнэлгээний чадавхыг бэхжүүлэх зэрэг олон чиглэлээр амжилттай хамтран ажиллаж ирсэн юм.
Уулзалтын үеэр сайд Ц.Сандаг-Очир Монгол Улсын санаачлан боловсруулсан “Тал хээрийн үйл ажиллагааны хөтөлбөр” (Steppe Action Agenda) болон түүний хүрээнд хэрэгжүүлэх Бэлчээр, Ус, Байгальд суурилсан шийдлийн олон улсын санаачилгуудыг урагшлуулахад UNEP-тэй хамтын ажиллагаагаа улам бэхжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.
Талууд мөн дэлхий дахинд өсөн нэмэгдэж буй гангийн эрсдэлийг бууруулах чиглэлээр бодит ахиц гаргах, COP17-ын хэлэлцээний үр дүнд дэмжлэг үзүүлэх, түүнчлэн 2030 оноос хойших UNCCD-ийн стратегийн чиглэлийг тодорхойлох бодлогын баримт бичиг боловсруулах асуудлаар хамтран ажиллахын чухлыг тэмдэглэв.


| Ц.Сандаг-Очир НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн Гүйцэтгэх захирал Ингер Андерсентэй уулзлаа | ||
| Үзсэн: 105 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.