Шууд Chart

Хүйтэнд тэсвэртэй мөнх ногоон хуш

2023-10-17 14:49:11

Хахир хүйтэнд хамгийн тэсвэртэй мөнх ногоон хуш модны тухай сонирхолтой баримтуудаас сонирхуулъя. 

-Шилмүүст модны том төлөөлөл хуш мод нь далайн түвшнээс дээш 1000-3200 хүртэл метрийн өндөрт ургадаг, хүйтэнд хамгийн тэсвэртэй мод юм. Дэлхийн хуш модны 90 хувь нь Сибирийн ойд ургадаг. 26-30 метр өндөр өсөж, дунджаар 140-170 жил хүртэл насална.

-Манай орны хуш мод нөөцийн хэмжээгээрээ хэдийгээр энгийн нарснаас илүү боловч дэлхийд байх нөөц нь бага гэдэг утгаараа Монгол орны ховор ургамлын төрөл, зүйлд хамаарна.

-Хуш мод нь ойн үндсэн бүрэлдэхүүн хэсэг болж ус, хөрсийг хамгаалахын зэрэгцээ ойн олон төрөл, зүйлийн амьтан, шувууны амьдрах орчин, хүнс, тэжээлийн бааз, нөөц нь болдог.

-Тодорхой хугацаанд шинэчлэгдэн солигдон унаж байдаг хушны шилмүүс, боргоцой нь хөвсгөр байдаг тул хөрсний сайн бордоо болж, усыг өөртөө хамгийн ихээр шингээдэг бөгөөд ойн чийгшилийг удаан хадгалж, уур амьсгалын таатай орчныг бүрдүүлдэг.

-Хушин ой нь бактер устгах чадвартай, фитонцид, эфирийн тос их ялгаруудаг нь орчны агаарыг эрүүлжүүлж цэвэршүүлдэг тул эртнээс хушин ойг эмчилгээний зорилгоор ашиглаж байжээ.

-Хуш мод хүний дархлааг нэмэгдүүлж, интерферон хэмээх бодис ялгаруулдагаараа бусад модноос онцгой. Тиймээс хушан ойтой газар алхаж уушгиа цэвэрлэх нь эрүүл мэндэд тустай. Хорин настай 1га хушан ой нь өдөр бүр 9350 кг нүүрсхүчлийн хийг шингээж 7250 кг хүчилтөрөгчийг ялгаруулдаг. 100 кг хүчилтөрөгч нь 4 ам бүлтэй нэг айлын бүтэн жил амьсгалах цэвэр агаар юм. Иймээс нэг хүн 20 ширхэг хуш мод тарихад насаараа амьсгалсан агаараа эх дэлхийдээ буцаан өгч чадна.

-Хушны үржүүлэг болон ойжуулах ажилд хуш мод хөрс шороо голдоггүй, элсэрхэг газар, тэр ч байтугай хад чулуутай газар хүртэл ургаж чаддаг. Хушны боргоцой нь 9 болон 10-р сард боловсордог бөгөөд самар (үр) нь том байдаг. Хуш үрээр маш сайн ургадаг учир ихэвчлэн үрээр тарьж ургуулдаг.

-Үрийг намар ч, хавар ч тарьж болдог. Гэхдээ намар таривал илүү тохиромжтой. Учир нь хушны самар буюу үр нь өвлийн улирлын турш цасан доор дэвтэж хавар хагардаг онцлогтой. Удаан ургалттай учир хооронд нь 3-5 метр зайтайгаар, харин тарих гүн нь 3 хүртэл см байна.

-Харин суулгацаар тарих тохиолдолд намгархаг хөрсөнд тохиромжгүй бөгөөд хөрсний гүний усны нэвчилт нь 1-1.5 метр байх хэрэгтэй. Хуш суулгах тогоо нь 60*60 см хэмжээтэй, суулгах нүхийг 5х10 м зайтай ба доош 80см гүн нүх ухаж хөрсийг маш сийрэг байхаар бэлдэх нь үндэс хурдан тарж бэхжин цаашдын сайн ургалтад нөлөөлдөг.

-Мод тарих нүхэндээ 50 хувьд нь хар шороо, 30 хувьд нь элс, 20 хувьд нь хөх бууц сайтар хольж хөрсөө бэлдэнэ. Модыг тарьсан өдөртөө 60-80 литр, сөөгийг 20-30 литр усаар заавал услах шаардлагатай.

-Суулгасан газраа олон жил ургадаг үзэсгэлэнтэй энэ сайхан модыг айл бүр заавал тарьж хушин төглийг газар бүрт байгуулахыг та бүхнээсээ хүсэж байна.

Эх сурвалж: Экологийн цагдаагийн алба


Хүйтэнд тэсвэртэй мөнх ногоон хуш   
Үзсэн: 3724 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2023-10-21 11:41
мэдээлэл өгсөн танд баярлалаа

Бидэнтэй нэгдээрэй