Шууд Chart

Египет улс Палестины дүрвэгсдийг хүлээн авахгүй гэдгээ мэдэгдлээ

2023-10-20 15:05:22

Газын зурвас дахь мөргөлдөөнөөс үүдэж орон гэрээсээ дайжсан палестинчуудын тоо нэг сая давсныг НҮБ-ын Палестины асуудал эрхэлсэн байгууллагаас мэдээлсэн байна.

Израил улс Газын зурвас руу явуулж байгаа цэргийн үйл ажиллагааныхаа хүрээнд Газын бүсийн хойд хэсгээр оршин суугаа хүмүүсийг өмнөд рүү нэн даруй нүүхийг анхааруулсан.

Гэвч Израил улс Газын өмнөд, хойд хэсгийг ялгаагүй бөмбөгдөж байгаа энэ цаг үед хил залгаа Египет рүү дүрвэх хүсэлтэй палестины иргэдийг Египет улс хүлээн авахгүй гэдгээ мэдэгдлээ.

Газын бүсийн хойд хэсгээс дүрвэсэн иргэд өмнөд хилийн орчмын Рафа боомттой хиллэдэг Хан Юунис хотод дүрвэгсдийн хуаранд байрлаж байна.

Энэ хотод Израилын дайралт ирэхгүй, аюулгүй гэж мэдэгдэж байсан ч пүрэв гарагт Израил улс энэ газрыг ялгалгүй бөмбөгдсөн байна.

Иймд Газын зурваст оршин сууж байгаа 2.3 сая иргэн Газын зурвасын хаана ч аюулд өртөх эрсдэлтэй гэдгийг дүрвэгсдийг хүлээн авах хуарангаас илэрхийлж байна.

Одоогоор Израил улс Газын зурвасын хил дагуу хуурай замаар нэвтрэх хэдэн арван мянган цэргийн хүчийг байршуулаад байгаа. Хэзээ Газын хилийг нэвтэрч орохоо олон нийтэд мэдээлээгүй ч хуурай замын хүч бүгд бэлэн байдалд байгаа гэж мэдэгдэж байсан.

Үүний хариуд Палестины тал мөн өчигдөр Израил руу пуужин харвасан нь палестинчуудын оршин суудаг, Израилд эзлэгдсэн Иордан голын баруун эрэгт мөн мөргөлдөөний онц байдал үүсэхэд нөлөөлж, Палестины хэд хэдэн иргэн амиа алдсан хэрэг гарсан.

Нөхцөл байдал хурцадмал, Палестины энгийн ард иргэд хаана ч аюулд өртөх эрсдэлтэй энэ үед Египетийн Ерөнхийлөгч Абдел Фатта Ас Сиси Рафа боомтоор дамжин орж ирж болзошгүй Палестины дүрвэгсдийн урсгалыг хүлээн авахгүй гэдгээ мэдэгдсэн байна.

Египет Улсын Ерөнхийлөгч Абдель Фатта Ас-Сиси "Палестины иргэдийг манай улс хүлээн авбал Иордан голын баруун эргийн палестинчууд мөн Иордан руу дүрвэнэ гэсэн үг. Палестинчууд бүгд нутгаа орхин гарцгааж, хөрш зэргэлдээ улсууд рүү дүрвэн гарч, тархан сууршина гэсэн үг. Тэднийг хүлээн авах нь одоо хийж байгаа дайны үзэл санааг нь дэмжиж байгаа гэсэн үг болно. Манай улс, Синайн хойг Израилтай дайн хийх Хамас-Палестины бааз суурь болох эрсдэлтэй. Гэтэл Израил улс олон улсын дэг журмын дагуу аюулгүй байдлаа хамгаалж, цэргийн дайралт хийх эрхтэй. Энэ дайралт нь манай газар нутаг дээр ирэх вий гэж болгоомжилж байна. Египет улс бол энх тайванч орон. Энэ энх тайван байдлыг алдагдуулах шийдвэр гаргахгүй" гэжээ.

Тэрбээр мөн Палестины дүрвэгсдийг Израилын нутаг дээрх Негеб цөлд шилжин суурьшуулж болно гэдэг санааг дэвшүүллээ.

Палестины иргэд тус нутагт аюулгүй оршин суух хугацаанд Израил улс зэвсэгт Хамас бүлэглэлийн үндсийг устгаж, Газын зурваст энх тайван тогтоож болно гэсэн байр суурийг илэрхийлсэн байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Египет улс Палестины дүрвэгсдийг хүлээн авахгүй гэдгээ мэдэгдлээ  
Үзсэн: 622 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй