
БНХАУ-ын Гадаад харилцааны сайд Ван И АНУ-ын ТНБД Энтони Блинкентэй хэлэлцээ хийх зорилгоор энэ пүрэв гарагт Вашингтонд айлчлахаар төлөвлөж байна. Блинкен, Ван И нарын хэлэлцээний гол агуулга ирэх сард болж магадгүй байгаа Америк, Хятадын төрийн тэргүүн нарын дээд хэмжээний уулзалтын бэлтгэлийг хангахад чиглэх болов уу гэж таамаглаж байна.
Хятадын гадаад харилцааны сайд Ван и Вашингтонд гурав хоногийн айлчлал хийхдээ ТНБД-аас гадна АНУ-ын үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливантай уулзалт хийх юм байна. Талууд Зүүн болон өмнөд хятадын тэнгис, Тайваний байдал зэрэг сэдвийг хөндөх болов уу. Хятад улс эдгээр бүс нутагт далай тэнгисийн үйл ажиллагаагаа идэвхжүүлж байгаа. Мөн Израил, Хамасын дайн, Оросын Украинд хийж байгаа дайн, ойр ойрхон баллистик пуужин харваж байгаа Умард Солонгосын аюулгүй байдлын сорилтууд Америк, хятадын хэлэлцээний сэдэвт багтах болов уу гэж ажиглагчид таамаглаж байна.
АНУ-ын төрийн департамент Блинкен, Ван И нарын хэлэлцээ Америк, Хятадын харилцааг сайжруулах, харилцаа холбооны сувгуудыг нээлттэй байлгах тухай одоо явж байгаа яриа хэлэлцээний хүрээнд болно гэж мэдээлсэн байна. Ирэх сарын дундуур Сан Франциско хотноо болох Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажилалгааны дээд түвшний уулзалтын хүрээнд АНУ-ын ерөнхийлөгч Жозеф Байден, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нарын хооронд дээд уулзалт зохион байгуулахаар Вашингтон, Бээжинг бэлтгэл хангаж байна. Харилцааны хүйтэн уур амьсгал худалдаа эдийн засгийн өргөн харилцаатай хоёр орны хувьд ихээхэн сөрөг нөлөөтэй байгаа, иймээс дээд түвшиндөө ойлголцож, харилцааг дулааруулах чиглэлд Вашингтон, Бээжингийн дипломат үйл ажиллагаа урагшилж байна.
БНХАУ-ын Гадаад харилцааны сайд Ван И энэ 7 хоногт АНУ-д айлчилна | ||
Үзсэн: 665 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.