Шууд Chart

Өтөл насны ганцаардал

2023-11-01 08:11:28

Гэрэлмаа хаалга тогших чимээнээр цочин давхийснээ, “Хэн ирдэг билээ” хэмээн өөртэйгөө ярьж, өлмий дээрээ гишгэн чимээ гаргалгүйгээр үүд рүүгээ гэтэж очоод шагайвчаар харлаа. Хүүгийнх нь жолооч хоёр гурван тор дүүрэн юм барьсан аахилсаар зогсож байв. Түүний санаа амарч, хүний бараа харсандаа баярлан хаалгаа яаран тайллаа. Олон жил жолоочийн суудал дээр суусаар жин нэмсэн ахимаг насны эр, “Сайн байна уу Та?” хэмээн амандаа бувтнаж, авчирсан хүнсний зүйлээ шалан дээр тархийтэл тавиаад зугтах шахам гараад явчих нь тэр. Гэрэлмаа тортой хүнсийг гал тогооныхоо өрөө рүү зөөж, том хөргөгчний хаалга онгойлгон өрж суухдаа гэнэт ганцаардаж, бас сэтгэл нь хоосорч байхыг мэдрэв. Залуу байхдаа хүнс цуглуулах гэдэг түүний хувьд их том ажил байдаг байв.

Сарын цалингаа гартаа атгаад “Гурил , будаа, элсэн чихэр, давс...” хэмээн амандаа үглэж, тун нарийн тооцоолж, 15 хоногийнхоо хүнсийг авах гэж захаар гутлынхаа улыг эргэтэл явж байхдаа “Хэрвээ ахиухан мөнгөтэй бол...” гэж бодож байсан нь олонтаа. Харин тэр сүүлийн бараг арваад жил хүнсээ өөрөө цуглуулсангүй. Сайд хүүгийнх нь эхнэр сард хоёр удаа жолоочоор хоол хүргүүлнэ. Ганц хүнд ахадсан их хоолны материал орхиод явна. Бэр хүүхний энэ халамж эхлээд Гэрэлмаад таатай санагддаг байсан ч сүүлийн хэдэн жил яг л тэжээвэр амьтан хооллож байгаа юм шиг санагдах болж, хоол хийсэн ч хоолой руу нь орохоо болиод удаж байгаа.

Гэвч түүнээс хэн ч “Ээж хоолоо идсэн үү” гэж асуухгүй. Хэн ч түүнээс “Энэ ногоог идэж чадах уу” гэж анхаарал тавихгүй. Тиймээс Гэрэлмаа бэрийнхээ явуулсан хүнсийг хөргөгчиндөө хадгалж, муудахаар нь гаргаж хаядаг шинэ ажилтай болжээ. Гурван өрөө тохилог сууц, зөөлөн буйдан, цэлийсэн том галын өрөө... Түүний залуу цагийн найзууд Гэрэлмаад атаархаж, “Сайд хүү нь түүнийг торгонд бөмбөрүүлж, тосонд өнхрүүлж байна” хэмээн цайны хачир болгон ярьдгийг Гэрэлмаа сайн мэднэ. Гэвч түүнд энэ бүхэн сайхан санагддаггүй. Шоронд хоригдож байгаа ялтан, эсвэл хэвтрийн хүнд өвчтөн шиг санагдах нь олонтаа. Гэнэт утас жингэнэтэл дуугарч эхэллээ. “Хүү ярьж байна” хэмээн бас л ганцаараа үглэсээр Гэрэлмаа яаран ухасхийв. Үнэхээр хүү нь залгаж байлаа. “За сайн уу? Баясаа өнөөдөр танд хүнсний юм явуулсан авсан биз дээ. За хуралд орох гэж байна...”

Ингээд л утас тасрах нь тэр. Гэрийнх нь утас сард хоёрхон удаа л дуугардаг учраас Гэрэлмаа хэн залгаж байгааг андахгүй. Саяхан л тэр хүүгээ “Миний хүү чимээгүй бай л даа. Ээж нь ядраад байна шүү дээ. Одоо унт гэж гуйдаг байлаа” Харин өнөөдөр хүүгээ тэр “Ээжтэйгээ жаахан юм яриач” гэж гуйх гэсэн боловч бас л зүрх хүрсэнгүй. Ингээд л тэр ертөнцөөс ангижирах мэт нам гүм гэртээ, гав ганцаараа хоцорлоо. Уйдаж цөхсөн хүн зурагтын суваг эргүүлж сууснаа гэнэт цочсондоо ухасхийн босч, тэгснээ өвдөг дээрээ сөхрөн суув. Гэрэлмаагийн нүдийг нулимс бүрхэж, “Хөөрхий дөө. Их л ганцаардсан байхдаа...”хэмээн амандаа үглэж байлаа. “Монгол Улсын хөдөлмөрийн баатар, академич Анандын Дамдин зуурдаар таалал төгслөө...” хэмээх эмгэнэлийн мэдээг тэр бүтэн сонсч чадсангүй.

Одоогоос 10 гаруй жилийн өмнө Гэрэлмаа хажуу байрны Дамдин хэмээх ойролцоо насны эртэй овоо ойр танилцаж, Дамдин ч гэр орноор нь орж гарч, бие биендээ цайны хань болоод байв. Эхнэр нь олон жилийн өмнө өөд болсон, хоёр хүүхэд нь гадаадад сурдаг, эрдмийн ажил хийж, ширээнийхээ араас бараг босдоггүй Дамдин хэмээх энэ эрийг Гэрэлмаа битүүхэн хүлээж, хар үүрээр босоод өглөөний цай бэлтгэнэ. Хаалга тогших чимээг хүлээж, ганцаараа удаан суудаг байлаа. Аяга цайгаа хуваагаад уучихна. Нэг гэрийн хоёр шиг ээнэгшин дасаж, бас ч гэж халамж анхаарал тавьж, өдөр хурдан өнгөрөх шиг санагддаг байсан. Нэг орой Гэрэлмаа аяга хар шөл хийж, Дамдинтай хамт хувааж уух санаатай сууж байтал хаалга пижигнэтэл нүдсээр хүү нь ороод ирэв. Жилдээ бараг ганц л уулздаг хүү нь уурлаж бухимдсан нь илт.

“Өө... Миний хүү. Ямар сайн юм бэ. Хүрээд ирдэг” гэж амандаа бувтнах ээжийнхээ ч үгийг ч сонссонгүй. Барсаа гал тогооны өрөө рүү үсрэн орж, Дамдинг харснаа яг л могой харсан юм шиг цочин “Өө за за. Та хоёр бүр иймдээ тулсан уу? Ичээч хөгшин төгцөгүүд ээ! Цаана чинь шар сониныхон та хоёрын хайр дурлалыг магтан дуулж, би хүний нүүр харах ч эрхгүй болчихоод байна. Яасан ичдэггүй хөгшчүүл вэ” хэмээн хашгирч, Дамдингийн урд байсан аягатай шөлийг хана руу шидэв. Гэрэлмаа хэлэх үггүй болтлоо ичиж, бас дуугарч ч чадсангүй. Барсаа сүр дуулиантай орж ирсэн шигээ, хаалга тасхийлгээд гарч одов. Хөөрхий Дамдин тэгэхэд сүр сүлд нь шалдаа орчихсон, уруу царайтай хүн хэсэг чимээгүй сууж байснаа “Хөгширсөн хойноо цайны ханьтай боллоо гэж баярлаж байсан юмсан. Хүүхэд нохойн доог болоод байгаа юм байна даа. Хүүгийн чинь зөвөө хө. Миний найз биеэ бодож байгаарай” гэж хэлснээ чимээгүйхэн гараад явчихаж билээ.

Энэ бол Дамдин, Гэрэлмаа хоёрын сүүлчийн уулзалт байсан аж . Хоёр хоногийн дараа бэр хүүхэн нь баахан хүмүүстэй ирж, Гэрэлмаа хөгшин рүү доогтой харж, инээдээ нууж ядан жуумалзаж байгаад хэдэн хувцасыг нь боож, хуучин байрандаа нүүлгээд ирчихсэн. Үнэндээ Гэрэлмаа тэр үед юу ч хэлж чадсангүй. Бэр хүүхэн нь явахдаа “За ээж битгий гадуур гүйгээд байгаарай. Жаахан охин шиг болзоонд зогсоод байж болохгүй шүү дээ. Та ер нь гэрээсээ гарч яадаг юм. Би хоол хүнсийг чинь жолоочоор явуулж байя” хэмээн хүйтэн хөндий хэлээд “Хүнийг хөгширсөн гэж бодож болдоггүй юм байна л даа” гэж тас намжирдаад гараад явчихав. Түүнээс хойш Гэрэлмаа гэрээсээ бараг гарсангүй. Гарах ч шаардлага байсангүй. Үнэндээ Дамдингийн гэрээр очдог юм билүү? гэж хэд хэдэн удаа бодсон ч хүүгээсээ айх ч шиг, хүнээс ичих ч шиг санагдаад чадаагүй. Хөөрхий дөө муу Дамдин өнгөрчихөж...

Яагаад ч юм түүнийг хичнээн их ганцаардаж, бас хичнээн их шаналаа бол гэж гэдэг гашуун бодол хоолойг нь зураад болдоггүй. Босох гэсэн ч чадсангүй. Бүх бие нь сулбайж, хөдөлж ч чадахгүй болсноо гэнэт мэдлээ. Утас руугаа очих юмсан. Хүүд хэл дуулгах юмсан. Ганцаараа байж байгаад үхчихвэл муу хүүгийн минь нэрэнд сэвтэй юм аа даа” гэж хичнээн хичээсэн ч биеэ даасангүй. Нүдийг нь саарал манан бүрхээд ирлээ.

Барсаа сайдын жолооч хүнс авчирч, хөгшний хаалгыг нүдээд нүдээд онгойлгож өгсөнгүй. Гэрэлмаа хөгшнийг өөд болсныг ганц хүү нь их л хожуу мэджээ. Түүнийг хөдөөлүүлэхээр цугласан залуу цагийн найзууд нь “Буянтай хүн юмаа. Ганц хүүгийнхээ буянд насаараа жаргаж байгаад өөд боллоо” хэмээн ихэд атаархангуй шивнэлдэцгээх аж.

Нийтэлсэн: Б.Цоожчулуунцэцэг

Өтөл насны ганцаардал  
Үзсэн: 1398 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй