Шууд Chart

Кофены сүү малын сүү мөн үү

2023-11-04 10:06:32

Мах, сүү, жимс жимсгэнэ, хүнсний ногоо гэх мэтчилэн түүхий эдүүдийг байгалиас авч шууд болон дүрсийг нь хувирган боловсруулж хэрэглэхээс гадна өөр өөр хүнсний бүтээгдэхүүн, хүнсний нэмэлтүүд ашиглан өөр түүхий эдийг орлуулан хэрэглэх хэрэгцээ шаардлага байдаг. Үүний нэг нь кофены сүү.
 
Non dairy creamer (NDC) нь кофе, цай, халуун шоколадыг цайруулах (манайхаар бол сүлэх), амт чанарыг сайжруулах зорилгоор сүүний оронд хэрэглэгддэг нийлмэл найрлагат бүтээгдэхүүн юм.
 
Уг бүтээгдэхүүнийг хэрэглэхэд халуун кофены уусмалд ороод ээддэггүй, маш амархан тарж уусдаг, лактозын агууламж багатай учраас сүүнд харшилтай хүнд тохирдог, сүүг бодвол гарган авах эх үүсвэр хангалттай байдаг тул үнэ хямд гэх мэтчилэн шалтгаанаас өнөөдөр энэ бүтээгдэхүүний эрэлт маш өндөр байна.
 
Зөвхөн энэ бүтээгдэхүүний жилийн эргэлт 2020 оны байдлаар 1.3 тэрбум доллар байжээ. 
 
Уг бүтээгдэхүүн нь мальтодекстрин, глюкоз, уураг, ургамлын гаралтай тос, казейнат натри, цийдэм үүсгэгч, өнгө оруулагч, буфер давс, амт оруулагч гэсэн үндсэн хэсгүүдээс бүрддэг.
 
1. Глюкоз, мальтодекстрин: Энэ нь NDC-ны нэр төрлөөс хамаарч эрдэнэшиш, төмс, улаанбуудай, арвай, цагаан будаанаас гарган авч болдог сүүний амт, биет байдлыг бий болгодог үндсэн түүхий эд. Гадаад нэртэй боловч үр тарианаас гаргаж авсан цардуулын задралын бүтээгдэхүүн тул айх шаардлагагүй. Талх барьсан ч дулааны боловсруулалтын үед энэ задрал явагдаж л байдаг.
 
2. Уураг: Уураг нь NDC бүрдүүлэгч гол орцуудын нэг бөгөөд амт, биет байдал, тэжээллэг, өнгө бүрдүүлдэг. Сүүний казейн уургийг боловсруулан гарган авсан казейнат натри хэрэглэдэг. Сүүнээс авч байхад юунд ч эргэлзэх билээ.
 
3. Ургамлын гаралтай устөрөгчжүүлсэн тос: Сүүний тослогийг бий болгох, биет байдлыг үүсгэх, зуурамтгай чанарыг өөрчлөх, амтыг нэмэх зорилгоор хэрэглэдэг. Ургамлын гаралтай ханаагүй тосны хүчил түлхүү агуулдаг тос хэрэглэдэг тул харин ч шингэц хурдан байдаг байх нь.
 
4. Цийдэмжүүлэгч (эмульс үүсгэгч): Аяга кофендоо сүүгээ хийгээд хутгахад ус, тос хоёр нь ялгараад байвал ямар өөдтэй байх вэ дээ. Тосыг уусмалд нэгэн төрлийн, жигд тархсан маш жижиг дусал хэлбэртэй болгоход энэ нэмэлтийг хэрэглэдэг. Е код бол хор агуулсан гэсэн үг биш. Ургамлаас гаргаж авдаг тул асуудалгүй.
 
5. Өнгө оруулагч: Сүүн бус ургамлын гаралтай түүхий эдээр сүүг орлуулах гэж байгаа тул мэдээж цайвар шаргал байх шаардлагатай. Үүнд annato хэмээх модны үрээс гарган авсан бета каротин ( А аминдэм) агуулсан улбар шар, улаан өнгийн будагч бодис ашигладаг. Энэ будагч бодис цэвэр байгалийн гаралтай, аминдэм агуулдаг тул ямар ч асуудалгүй. Аннато нь онцгой ач холбогдолтой байдаг тул АНУ-ын Хүнс, эмийн захиргаанаас баталгаажуулах шаардлагагүй хүнс гэж томьёолсон байдаг.
 
6. Буфер давс: Буфер гэдэг нь уусмалын рН буюу уусмал дахь (Н+) болон (ОН-) ионы харьцаа өөрчлөгддөггүй тогтвортой байдаг гэдэг утгыг илэрхийлдэг. рН- ийн утга ямар ч уусмалд 0-14 байдаг. 7-той тэнцүү бол саармаг, багасах тусам хүчиллэг, 7-оос ихсэх тусам шүлтлэг орчинг заадаг.
 
Буфер орчин үүсгэх давсаар бидний гамбир хайрдаг сода буюу NaHCO3-г ашигладаг. Энэ бодис тухайн кофенд найруулсан NDC-ны орчинг рН=6,8-7,2 хооронд барьж өгдөг. Ингэснээр агуулагдах уураг, тос гэх мэт бүрэлдэхүүнүүд тунадасжихгүй, ялгарахгүй, илүү тогтворждог.
 
Мөн үүнд тогтворжуулагчаар хэрэглэдэг K2HPO4 буюу калийн гидрофосфатыг зөвхөн сүү гэлтгүй төрөл бүрийн хүнсний бүтээгдэхүүнд тогтворжуулагчаар ашигладаг. Угаасаа фосфатын давсууд хүний биеийн бодисын солилцоо, энергийн солилцоонд орж байдаг бодис тул ямар ч хоргүй. 
 
7. Амт оруулагч: NDC-ын нэр төрлөөс хамаарч ямар ч амтлагч бодис хэрэглэж болдог ба тэр нь байгалийн гаралтай, эсвэл байгалийн нийлмэл найрлагатай, өөрөөр хэлбэл, гаргаж авсан бодис байж болно.
 
Эдгээр хольцыг тооцоолсон хэмжээнд холино, жигдрүүлэх төхөөрөмжөөр жигдрүүлж нэгэн төрлийн болгоно. Ингээд хатаах цамхагт хуурай сүү шиг хатаасны дараа кофенд хутгах NDC бэлэн болдог. 
 
Хүнсийг хийхэд ч мөн адил инженерийн тооцоолол шаардана. Ямар түүхий эдийг ямар хүнс болгож хувиргах уу, үүний тулд ямар боловсруулалт хийх ёстой, юунаас гаралтай ямар шинж чанартай хүнсний нэмэлт хэрэглэх вэ гээд л шууд идэж хэрэглэдэг тул бүр ч илүү хариуцлагатай, судалгаа шинжилгээг алхам бүрт хийж байдаг.
 
Юу хэрэглэх нь өөрийн дур боловч хэрэглэхдээ эргэлздэггүй байх ёстой. Үйлдвэрлэгчид ч шошгон дээрээ Е кодоо бичээд түүнийгээ тайлбарлаж өгөх хэрэгтэй.
 
 
 
Хүнсний инженер О.Гал-Очир

Кофены сүү малын сүү мөн үү   
Үзсэн: 2825 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй