
Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху "Зэвсэгт Хамас бүлгийг устгатлаа Газын зурвас руу довтолгоогоо үргэлжлүүлсээр байх болно. Зарцуулах хугацаа нь хэр удаан үргэлжлэх хамаагүй. Дайн хийх ёстой бол хийнэ гэсэн мэдэгдлийг Америкийн "Фокс Ньюс" агентлагт өгсөн ярилцлагадаа дурдсан байна.
Гэхдээ энэ нь Газын зурваст эрх мэдлээ тогтоож, засаглана гэсэн үг биш гэдгийг тэрбээр илэрхийлжээ. Түүнчлэн дайн дуустал өдөр бүр тодорхой цагт энгийн иргэд Газа хотоос аюулгүй гарах коридор нээж байхаар шийдвэрлэснээ мэдэгдлээ.
Тодруулбал, одоо Израилын мэдэлд байгаа Газын зурвасын умард хэсэг болох Газа хотод Израил улс агаарын болон хуурай замын цэргийн үйл ажиллагаагаа явуулсаар байгаа тул өдөрт дунджаар дөрвөн цагийн түр зогсолт хийж, иргэдийг Газын зурвасын өмнөд хэсэг рүү нүүдэллэх аюулгүйн гарц нээнэ гэж мэдэгдэж байна.
АНУ мөн цаашдаа энэ хугацааг нэмэгдүүлэх, өдөр бүр тогтмол үргэлжлэх тал дээр нь Израилтай ярьж, зөвшилцөнө гэж мэдээлсэн байна. Энэ дайн хэр удаан үргэлжлэх талаар Ерөнхий сайд Биньямин Нетаняху байр сууриа илэрхийлэхдээ "Дайныг дуусгах тодорхой хугацааг би гаргаж чадахгүй. Удаан үргэлжлээсэй гэж би мэдээж хүсэхгүй байна. Ямартай ч энгийн иргэд амиа алдах эрсдэлийг бага багаар бууруулж, Хамас бүлгийнхнийг устгах ажиллагаагаа эрчимжүүлэх болно. Америкчууд Ирак, Сири дэх Исламын улс бүлэглэлтэй, Аль Кайда бүлэглэлтэй маш урт удаан хугацаанд тулалдсан шиг урт хугацааг зарцуулахгүй байх гэж найдаж байна. Мөн барьцаанд байгаа Израилын иргэдийг суллатал гал зогсоох ямар ч үндэс байхгүй" гэлээ.
АНУ-ын зүгээс барьцаанд байгаа иргэдийг эсэн мэнд суллуулахад Израилын түр зогсолт илүү удаан үргэлжлэх шаардлагатай гэж үзэж байгааг Цагаан ордны зүгээс дурдсан байна.
Хамас бүлгийн зүгээс дахин хоёр барьцааны иргэний бичлэгийг олон нийтэд цацсан байна. Бичлэг дээр 70 орчим насны тэргэнцэр дээр суусан эмэгтэй, мөн өсвөр насны нэг хүү байжээ. Тэд Хамас бүлгийнхэн тэдэнд сайн хандаж байгаа гээд, Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаняхуг хурцаар шүүмжилсэн утгатай зүйлс ярьж байсан байна.
Тэднийг өөрсдийн үзэл бодлыг илэрхийлж байсан уу, Хамасын бичиж өгсөн зүйлийг уншиж байсан уу гэдгийг тогтоох боломжгүй гэж олон улсын хэвлэлүүдэд бичжээ.
Одоогийн байдлаар Хамас бүлгийн барьцаанд 239 хүн байгаа гэсэн мэдээлэл байна.
Газын зурвасын нөхцөл байдлаас дурдвал, амиа алдагсдын тоо 10800 давсан, үүнээс 4400 нь хүүхэд байсан байна.
НҮБ-ын сайн дурын 99 ажилтан мөн амиа алдсан гэдгийг НҮБ-ын Палестиний дүрвэгчдэд туслах байгууллагаас мэдээлжээ.
Израилын Ерөнхий сайд Газын зурваст засаглах санаа байхгүй гэж мэдэгджээ | ||
Үзсэн: 1091 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.