Шууд Chart

Жо Байден: АНУ АПЕК-ийн хүрээн дэх холбоо харилцаагаа улам бэхжүүлнэ

2023-11-18 09:35:48

Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага АПЕК-ийн дээд уулзалт өчигдөр Сан-Францискод өндөрлөлөө.

АПЕК-ийн гишүүн 21 улсын удирдагчдын энэ уулзалтаар уур амьсгалын өөрчлөлт, худалдаа, хөрөнгө оруулалт зонхилох гол сэдвүүд нь байсан.

Энэ хүрээнд дэлхий нийтэд ковид цар тахал гэх мэт асуудлууд тулгарахаас урьтан хангамж нийлүүлэлтийн сүлжээ доголдох эрсдэлийг илрүүлэх тухайд хэлэлцээр байгуулсан байна.

Мөн цэвэр эрчим хүчинд шилжих үйл явцыг түргэвчлэх болон авлигатай тэмцэх асуудлаар хэлэлцээрүүд байгуулжээ.

Уулзалтыг даргалагч АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден томоохон компаниудын захирлуудтай уулзах үедээ Ази, Номхон далайн бүс нутаг АНУ-ын эдийн засагт чухал үүрэгтэйг онцолж, энэ холбоо харилцааг Вашингтон цаашид ч бэхжүүлэх бодолтой гэдгийг мэдэгдсэн байна.

Жо Байден энэ үеэр АНУ-ын экспортын 60 хувь нь АПЕК-ийн орнуудад ногддог гэдгийг цохон хэлж, мөн эдгээр орнуудын шууд хөрөнгө оруулалтын томоохон эх сурвалж нь Америкийн үйлдвэр аж ахуйн газрууд байдаг гэдгийг онцолжээ.

Мөн Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудын эдийн засгийн ногоон эрчим хүч, агаарын тээвэр, кибер аюулгүй байдал зэрэг салбарт АНУ-аас оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ 2023 онд 50 тэрбум орчим доллар болсон гэж Америкийн Ерөнхийлөгч мэдэгдсэнийг “Ассошиэйтэд пресс” иш татан уламжилсан байна.

Америкийн Ерөнхийлөгч Хятад-Америкийн харилцааны тухайд, энэ харилцаа тогтвортой байх нь дэлхий дахинд чухал гэдгийг цохон хэлсэн байна.

Мөн өөрийнх нь засаг захиргаа АНУ-ын эдийн засгийг Хятадаас тусгаарлах гэж биш, харин “эрсдэлийг бууруулж, төрөлжүүлэх” чиглэлд ажиллаж байгааг мэдэгджээ.

АПЕК-ийн дээд уулзалтын хүрээнд Америк, Хятадын удирдагчид өмнө нь уулзалт хийж, хоёр талын харилцааны өргөн хүрээтэй сэдвүүдийг “илэн далангүй, гүн гүнзгий” хэлэлцсэн талаар Хятадын хэвлэлүүд өмнө нь мэдээлсэн.

Хятадын дарга Ши Жиньпин энэ уулзалт дээр, Ази, Номхон далайн бүс нутгийг геополитикийн өрсөлдөөний талбар болгож болохгүй, тийм байх ч ёсгүй, тэр тусмаа энэ бүс нутаг дахин хүйтэн дайн, эсвэл хуваагдмал талбаруудын зөрчилдөөнд татагдан орох ёсгүй гэж мэдэгдсэн юм.

Энэ чуулга уулзалтын талбарт нэлээд олон хоёр талт уулзалт болсны нэг нь Хятад-Японы удирдагчдын уулзалт байсан. Хятадын дарга Ши Жиньпин, Японы Ерөнхий сайд Кишида Фумио нар ховорт орох энэ уулзалтаар цаг орчим хэлэлцээ хийж, хоёр улсын стратегийн харилцан ашигтай хамтын ажиллагааг ахиулах, холбоо хэлхээг шинэ түвшинд гаргахыг дэмжиж ажиллахаа нотлон илэрхийлжээ.

Мөн Японы Фукушимагийн АЦС-ын цацраг идэвхжилд бохирдсон усыг шүүж цэвэршүүлэн далайд асгаж байгаатай холбоотой асуудлыг шийдэх үүднээс тохиромжтой цаг үед өндөр түвшний эдийн засгийн яриа хэлэлцээ эхлүүлэхээр хоёр тал тохирсон талаар Хятадын төрийн мэдлийн хэвлэлүүд мэдээлсэн байна.

Хятадын удирдагч мөн энэ үеэр хоёр улс шинэ эриний шаардлагад нийцсэн Хятад-Японы харилцааг цогцлоох үүрэг хүлээх ёстой гэдгийг мэдэгджээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Жо Байден: АНУ АПЕК-ийн хүрээн дэх холбоо харилцаагаа улам бэхжүүлнэ  
Үзсэн: 709 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй