Шууд Chart

“Эрсдэл ба стандарт” форумаар хүн амын эрүүл, аюулгүй байдлын асуудлыг хэлэлцэж байна

2023-11-22 15:18:13

“Эрсдэлийн үндэсний форум-2023”-ыг “Эрсдэл ба стандарт” сэдвийн хүрээнд зохион байгуулж буй бөгөөд гурав дахь өдрийн хуралдаан өнөөдөр “Хүн амын эрүүл, аюулгүй байдал” сэдвээр болж байна.

Хуралдааныг Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Др.Сокорро Эскаланте нээж үг хэлсэн.

С.Чинзориг сайд хэлсэн үгэндээ олон салбарыг холбосон эрсдэлийн менежментийн зорилго нь аливаа эрсдэлийг нийгэм, эдийн засгийн хор хохирол багатай даван туулахаас гадна эцсийн зорилго нь хүн амын эрүүл, аюулгүй байдал буюу хүний эрүүл мэндийг хамгаалах гэдгийг онцлоод Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөж байгаа 6000 гаруй стандартаас эмнэлгийн тусламж үйлчилгээний хувьд 2022 онд хийсэн үнэлгээнд үндэслэн 135 стандартыг хэвээр үлдээх, 218 стандартыг шинэчлэх, 415 стандартыг хүчингүй болгож салбарын сайдын тушаалаар эмчилгээ, оношилгооны заавар, эмийн фармакопейн өгүүлэл болгохоор ажиллаж байна гэв.

Тэрбээр “Стандарт нь зөвхөн аюулгүй байдлын хэм, хэмжээг тогтооогоод зогсохгүй хүн хоорондын харилцаа, үйлчилгээний соёл, нийгэм, сэтгэл зүйн томоохон ач холбогдолтой. Манай салбараас 2023 онд “Эрүүл мэндийн үйлчилгээнд тавих шаардлага MNS 7014:2023” стандартыг боловсруулж, батлуулан хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Бидний амьсгалж буй агаар, ундаалж байгаа ус, гишгэж байгаа хөрс, идэж, ууж буй хоол, хүнс, амьдарч буй орон сууц, сурч буй цэцэрлэг, сургууль, өдөр тутамдаа ашигладаг жорлон гээд бүгд эрүүл ахуй, чанар аюулгүй байдлын стандарттай. Гэсэн хэдий ч бид өндөр бохирдолттой агаараар амьсгалж, 25-30 хүүхдэд зориулсан анги, танхимд 50-60-уулаа хичээллэж, стандарт, эрүүл ахуйн шаардлага хангахгүй хүнсний бүтээгдэхүүний хэрэглээнээс шалтгаалж олноороо хоолны хордлого, халдварт өртсөөр байгаа нь бодит үнэн.

Стандарт, аюулгүй байдал, эрүүл ахуйн норм, дүрмийг мөрдөөгүй, хэвшил болгоогүйн улмаас олон төрлийн өвчлөл, түүнээс шалтгаалсан нас баралтын тохиолдлыг дурдаж болохоор байна” гээд “Бид яагаад энэ байдалд хүрчих вэ” гэдэг асуултад хариулт олж, түүнийг шийдвэрлэх арга замаа тодорхойлсон хуралдаан байгаасай гэж хүсч байна” хэмээсэн юм.

Үдээс өмнөх хуралдаан Хүн амын эрүүл, аюулгүй байдал, хөдөө аж ахуйн хүнсний системийн тэсвэртэй байдал сэдвээр өрнөсөн бөгөөд “Агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээ” сэдвээр Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг, “Хөрсний бохирдлоос нэмэгдэж буй нийгмийн эрүүл мэндийн эрсдэл” сэдвээр НЭМҮТ-ийн захирал, доктор, дэд профессор С.Өнөрсайхан, “Хүнсний аюулгүй байдал, хүнсний хангамж, нөөцийн өнөөгийн байдал” сэдвээр ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, “Хүнсний аюулгүй байдлын эрсдэлийг бууруулахад лабораторийн үүрэг” сэдвээр Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн ерөнхий захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч, доктор О.Нандин-Эрдэнэ нар илтгэл тавьсан.

Манай улсын хувьд агаарын бохирдол нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлын нэг бөгөөд дэлхийн агаарын бохирдол өндөртэй 50 орны жагсаалтыг Улаанбаатар хот тэргүүлж, аймгийн төв, суурин газруудад агаарын бохирдол тулгамдсан асуудал болоод буй юм. Агаарын бохирдлын улмаас иргэд, ялангуяа жирэмсэн эх, хүүхдийн эрүүл мэндэд ноцтой хохирол учирч, амьсгалын замын өвчин хүндрэх, ураг амьгүй болох зэрэг ноцтой асуудал үүсэж байгааг судалгааны дүн харуулж байна.

Хүрээлэн буй орчны тулгамдсан асуудлын нэг хөрсний бохирдол нь суурин газрын иргэдийн эрүүл мэндэд илүү ихээр нөлөөлж байгааг судалгаагаар нотолсон. Хүн амын нягтрал их, хөрс элэгдэл эвдрэлд орсон, хатуу, шингэн хог хаягдлын тээвэрлэлт зайлуулалт хангалтгүй, гэр хорооллын айл өрхийн 80 гаруй хувь нь стандартын шаардлага хангахгүй нүхэн жорлон ашиглаж байгаагаас хөрс төдийгүй хүнс, орчныг бохирдуулж улмаар халдварт өвчний тархалтад нөлөөлж байна.

Хүн амын эрүүл, аюулгүй байдлын үндсэн чухал асуудлын нэг нь хүнсний аюулгүй байдал бөгөөд вирус, нян, шимэгчид, хүнд металл, пестицидээр бохирдсон хоол, хүнс нь 200 гаруй өвчний шалтгаан болж байна.

ДЭМБ-аас гаргасан судалгаагаар хүнсний бохирдлын улмаас хөгжиж буй улс орнууд жил бүр 110 тэрбум ам.долларын алдагдалд орж, 15 тэрбум ам.долларыг бохирдсон хүнснээс үүссэн өвчнийг эмчлэхэд зарцуулж байна.

Хүнсний аюулгүй байдлыг хангахын тулд хүнсний аюулгүй байдлын оновчтой бодлого, тогтолцоо, хяналтын арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлагатай бөгөөд улс орнууд хүнсний тогтолцоо, хүнсний үйлдвэрлэлийн үйл явц, худалдаа, хүнсний хэрэглээний хэв маяг гэх мэт олон янзын хүнсний аюулгүй байдлын асуудал, эрсдэлтэй тулгардаг. Тиймээс шийдвэр гаргагчид өргөн хүрээнд зөвлөлдөж, өргөн хүрээний нотолгоо, эрүүл мэнд, худалдаа, хүнс, хөдөө аж ахуй, хүнсний аюулгүй байдлын асуудлыг нэгтгэн авч үзэх, хүнсний сүлжээний бүхий л үе шатанд стандартыг ягштал мөрдсөнөөр өвчлөл, эрсдэлээс зайлсхийж болно. Энэ бүхнийг шийдэх гарц нь стандартыг хэрэгжүүлэх, боловсронгуй болгох гэдгийг хуралдааны үеэр ярьж байлаа.

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

“Эрсдэл ба стандарт” форумаар хүн амын эрүүл, аюулгүй байдлын асуудлыг хэлэлцэж байна  
Үзсэн: 543 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй