Шууд Chart

Дөрвөлжин хайрцагны нууц буюу “Тetrapack”

2023-12-01 09:52:59

Хүн бүрт байгаа хүнсээ маргааш идэх буюу нөөцөлж хадгалж байгаад хэрэгтэй үедээ хэрэглэх шаардлага зайлшгүй тулгардаг.

Өвлийн идшээ хийнэ, ногоогоо хураагаад даршилна, сүү саалиа боловсруулаад цагаан идээ болгож хадгална, ургацаа хураагаад хатааж, хадгалаад гурил болгоод бага багаар хэрэглэдэг.

Зарчмын хувьд гурил ч мөн адил буудайг хадгалж байгаа нэг хэлбэр шүү дээ.

Үүний үндсэн дээр хүнсний технологи, үйлдвэрлэл хөгжиж явдаг юм байна. Өөрөөр хэлбэл, хүнсний технологи гэдэг маань хүнсийг яаж хадгалах вэ гэдгийг судалдаг шинжлэх ухаан гэхэд нэг их хэтийдэхгүй болов уу.

Өнөөдөр та бүхэндээ "Tetrapak aseptic" шингэн хүнсний савлагааны талаар сонирхуулъя.

Жимсний шүүс, сүү гэх мэт шингэн хүнсний салбарт маш өргөн хэрэглэгдэж байгаа энэ савлах технологи бол энэ цагийн хамгийн чухал дэвшлүүдийн нэг юм. 

Хамгийн энгийнээр тайлбарлавал, энэ савлагааны зарчим бол халуун хоолоо тагтай цэвэр саванд хийгээд хөргөгчинд хадгалаад маргааш нь идэхтэй адил. 

Харин "Tetrapak"-аар савласан бүтээгдэхүүнийг 3 сар, 6 сар, бүр жилийн дараа ч хэрэглэх боломжтой байдаг. Дөрвөлжин цаасан савлагаатай жимсний шүүс, сүүнүүдийг та бүхэн мэднэ биз дээ. Ерөөсөө мууддаггүй.

Муудахгүй болохоор манайхан бас хардана. Ерөөсөө мууддаггүй, заавал нэг аюултай бодис хольсон байх гээд л ам дамжуулж ярьсаар байгаад "хортой" бүтээгдэхүүн болгож орхидог.

Үнэн хэрэгтээ дотроо агуулж байгаа бүтээгдэхүүнээ үнээний дэлэнгээс гарч байгаа сүүнээс ч илүү, модондоо ургаж буй жимснээс ч цэврээр нь ганц ч бичил биетэнгүй удаан хадгалаад дэлгүүрийн лангуун дээр байж байдаг.

Яаж гэж үү. Маш өндөр хэмд (UHT-Ultra High Temperature) бүтээгдэхүүнийг ариутгаад ариун орчинд маш сайн хамгаалж чадах саванд битүүмжлэл өндөртэйгөөр савладаг гэсэн үг. Цельсийн 137 хэмд.

Сав нь их олон давхаргаас бүтдэг. Сониуч зангаа гаргаад ийм савлагаатай бүтээгдэхүүнийг аваад савыг нь усанд дэвтээж байгаад үе үеэр нь хуулаад үзээрэй.

Хэрэв салгаж чадвал 6 давхаргаас бүрдэнэ. Эдгээр давхарга бол полиэтилен буюу нийлэг материалууд, дотор хэсэгт байрлах мөнгөлөг материал нь хөнгөн цагаан металлаас тогтох хальсаар хийгддэг, гадуураа цаасаар хамгаалагдсан байдаг. 

Уг савлагааны хаа нэгтэйгээс UHT гэсэн товчлол байгааг ууж буй шүүс, сүүнийхээ саван дээрээс хайгаад хараарай. Ингээд л боллоо. Ямар ч химийн аймар бодис хэрэггүй.

Жишээ болгож жимсний шүүсийг авч үзье.

Шүүс бэлтгэхэд жимс хэрэгтэй. Жимснээс шүүсийг нь шахахад тухайн жимсний гадаргуугаас эхлээд шахаж буй шахагч, шүүс цуглуулж буй хувин сав гэх мэт тоо томшгүй олон хүчин зүйлээс жимсний шүүс маань "өнөөх гайхал" нян бактери, хөгц мөөгөнцрөөр бохирдож байдаг.

Харахад шинэхэн шахсан жимсний шүүс. Жимс нь өөрөө энгийн болон нийлмэл сахруудаас тогтдог тул ариутгахгүйгээр таглаад тавихад их удалгүй "өнөөх гайхал" үржээд бараашиг болгон хувиргана.

Яг ямар "гайхал" үржсэнийг мэдэхгүй тул уухыг хориглоно, хордуулах ч эрсдэлтэй.

Ийм үр дүнд хүргэхгүйн тулд жимсийг үйлдвэрийн нөхцөлд угааж цэвэрлэн, шахагчаар шахаж шүүсийг цуглуулаад Ultra High Temperature (UHT) буюу хэт өндөр хэмд ариутгадаг. Өөрөөр хэлбэл, 137 хэмд.

Ус 100 хэмд буцалдаг гэдгийг харвал 137 хэм хүртэл халаана гэдэг бол хэт өндөр байгаа биз.

Энэ үед шүүсийг бохирдуулсан "өнөөх гайхлууд" ганц ч үлдэлгүйгээр бүрэн устаж, жимсний ферментүүд денатурацид орж идэвхгүй байдалд шилждэг. Үүнийгээ дээрх олон давхарга буюу маш найдвартай савлагаанд ариун орчинд битүү савлачихдаг.

Ингээд л боллоо. Ганц ч үлдээгүй "өнөөх гайхлууд" хаанаасаа ч үржиж, муутгах билээ дээ. Харин удаан хугацааны дараа жимсний өөрийнх нь ферментүүдийн нөлөөгөөр жимсний шүүсэнд өөрчлөлт орж болдог ба үүнийг бүтээгдэхүүний хадгалах хугацаа болгон оруулж өгдөг.

Мөнхийн юм гэж юу байх вэ дээ. За одоо эргэлзээгүйгээр шүүсээ ууж, сүүгээ хэрэглээрэй, “Тetrapack” дөрвөлжин савлагаатайг.

Хүнсний инженер О.Гал-Очир


Дөрвөлжин хайрцагны нууц буюу “Тetrapack”  
Үзсэн: 1171 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй