
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын Талуудын 28 дугаар бага хурлын үеэр болж байгаа дээд түвшний уулзалтад дэлхийн 140 гаруй улсын төр засгийн тэргүүн нар оролцож, хүлэмжийн хий ялгаруулалтаа бууруулах үндэсний зорилт, төлөвлөгөөгөө танилцуулж байна. Тухайлбал Япон улс хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулах технологи суурилуулаагүй, нүүрсээр ажилладаг дулааны цахилгаан станц шинээр барихгүй, 2030 он гэхэд нүүрстөрөгчийн хий ялгаруулалтыг 46-аас 50 хувьд хүргэн бууруулах зорилт тавьж байгааг ерөнхий сайд Кишида танилцуулсан байна.
Япон улс одоогоор хүлэмжийн хий ялгаруулалтыг 20 хувиар бууруулсан байна. Япон улсын хувьд дэлхийн дулаарлыг аж үйлдвэрлэлийн өмнө үеийн түвшинд буюу 1,5 хэмд тогтоон барихад хүлээсэн үүрэг амлалтдаа нухацтай хандах хэрэгтэй. Дэлхий нийт зорилгодоо хүрэх замд хараахан ороогүй байна. 2030 он хүртэл хүлэмжийн хий бууруулах үйл ажиллагаагаа эрчимжүүлбэл зорьсон зүйлдээ хүрэх бидний замыг чиглүүлэхэд чухал ач холбогдолтой гэсэн байр суурьтай байна. Харин Өмнөд Азийн Энэтхэг улс ногоон зээлийн хөтөлбөрийг манлайлан ажиллахаа КОП-28-ийн индрээс зарлалаа. Тус хөтөлбөр нь хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулах зорилготой хувь хүн, компаниудад цахим сайтаас ногоон зээл шууд авах бололцоогоор хангах юм байна. Ер нь улс орнууд уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахын төлөө дорвитой зүйл хийгээгүй өнгөрсөн зууны алдаагаа засахад цаг хугацаа бага байна. Цөөн хэд нь уур амьсгал өөрчлөгдөхөд нөлөөлж, хүн төрөлхтний дийлэнх нь ялангуяа дэлхийн бөмбөрцгийн өмнөд хэсэг нь хор хөнөөлийг нь амсаж байна гэж Энэтхэг улс үзэж байна. Энэтхэг нь хүлэмжийн хий ялгаруулалтаа бууруулах зорилгодоо хүрэх замдаа яваа цөөхөн улсын нэг гэдгийг ЕС нь онцолсон байна. Мөн Европын холбоо нүүрстөрөгч ялгаруултанд ноогдуулах үнийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ ногоон бондын зах зээл шаардлагатай. Ингэж олон улсын санхүүгийн тогтолцоог шинэчлэх нь үр дүнтэй гэж үзэж байна. Британийн хувьд хүлэмжийн хийгээ бууруулах үүрэг амлалтаа биелүүлэхийн төлөө ажиллаж байгаагийн зэрэгцээ цар уурын өөрчлөлттэй тэмцэх санхүүжилтээ гурав дахин нэмэгдүүлж, цэвэр эрчим хүч, инновацыг дэмжихэд 1.6 тэрбум фунт стерлингийн дэмжлэг үзүүлэхээ амлалаа.
Франц улс өндөр хөгжилтэй улсууд, шинээр хөгжиж байгаа улсууд нүүрс, хатуу түлшнээс татгалзах ёстой. Улс орнууд Парисын хэлэлцээрээр хүлээсэн үүрэг, зорилтуудаа биелүүлэхийн тулд илүү эрчимтэй ажиллах шаардлагатай. Үүний зэрэгцээ Хятад болон Долоогийн бүлгийн улсууд илүү их хариуцлага хүлээж, экологийн төлөвлөлт, ил тод байдлыг хангах ёстой гэсэн байр суурьтай байна. Франц өөрөө 2030 он гэхэд хатуу түлшнээс хамааралтай байдлаа маш бага түвшинд хүргэхээр зорьж байна. Дэлхийн хүлэмжийн хийн 44 хувийг ялгаруулдаг хоёр орны төрийн тэргүүн нар буюу АНУ-ын ерөнхийлөгч Жозеф Байден, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар КОП-28-д оролцоогүй. АНУ дэд ерөнхийлөгчөө илгээсэн бол Хятад улс Төрийн зөвлөлийн дэд сайдын түвшинд оролцож байна. Дээд түвшиний уулзалтын төгсгөлд Дэлхийн 140 гаруй орны эрх баригчид 21-р зууны эцэс гэхэд дэлхий ертөнцийг хэт халахаас урьдчилан сэргийлэх шинэ арга замуудын талаар тохиролцоонд хүрнэ гэсэн хүлээлттэй байна.
Япон хүлэмжийн хий бууруулах технологигүй нүүрсээр ажилладаг дулааны цахилгаан станц шинээр барихгүй | ||
Үзсэн: 682 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.