Шууд Chart

Дональд Туск дахин БНПУ-ын Ерөнхий сайд болов

2023-12-13 11:56:44

Даваа гарагт Польшийн парламентад болсон санал хураалтын дүнд төвч үзэл бүхий намын дарга Дональд Туск дахин Ерөнхий сайд болж байна. Өмнөх Ерөнхий сайд Матеуш Моравецкийн Засгийн газарт парламент итгэл үл үзүүлэх санал өгснөөр ийнхүү Европын Холбооны талыг тууштай баримтлагч улстөрийн хүчин Польшид засаглах зам нээгдлээ гэж хэвлэлүүд мэдээлж байна.

Өнгөрөгч 10-р сарын 15-нд болсон парламентын сонгууль үндсэндээ, Дональд Тускийн Ерөнхий сайдын албанд эргэн сонгогдох боломжийг нээж өгчээ. Эрх баригч “Хууль, шударга ёс” нам уг нь парламентын 460 суудлын 194-ийг авсан боловч дангаараа ЗГ байгуулахад хангалттай олонх болж чадаагүй. Гэвч Польшийн Ерөнхийлөгч Анжей Дуда, Ерөнхий сайд Матеуш Моравецкийн танхимын бүрэлдэхүүнийг хүлээн авч, түр засгийн газрын журмаар тангараг өргүүлэн ажиллуулж байсан юм. Гэвч энэ түр ЗГ ажлаа үргэлжлүүлэхэд шаардлагатай дэмжлэгийг парламентаас өчигдөр авч чадаагүй байна. Харин Дональд Тускийн тэргүүлдэг “Иргэний индэр” нам болон өөр хоёр намаас бүрдсэн сөрөг хүчний “Иргэний эвсэл” 248 суудал авсан тул эвслийн гэрээ байгуулаад байжээ. Улмаар Дональд Тускийн тэргүүлсэн эвсэл өчигдөр Польшийн парламентын доод танхим Сеймийн 460 депутатын 248-ын дэмжлэгийг авсан байна.

Мөн сөрөг хүчний зүгээс Ерөнхийлөгч Дуда-г шинэ ЗГ эмхлэн байгуулах үйл явцыг хэдэн долоо хоногоор сунжруулсанд  буруутгажээ. 2007-2014 оны хооронд Польшийн Ерөнхий сайдаар ажиллаж байсан Дональд Туск  залгуулаад 2014-2019 оны хооронд Европын Зөвлөлийн даргын албыг хашсан. Тиймээс Европын Холбооны төв байгууллагатай нягт холбоо харилцаатай энэ улстөрчийг Европын Холбооны талаарх Варшавын байр суурийг ахиулна гэж ажиглагчид дүгнэж байна. Туск өнөөдөр парламентад үг хэлж, өөрийн танхимын бүрэлдэхүүнийг танилцуулснаар түүний танхимд итгэл үзүүлэх санал хураалт мөн явагдах юм байна. Улмаар маргааш тангараг өргөж албандаа орох товтой байна. Европын комиссын дарга Урсула фон дер Ляйен Дональд Тускийг Ерөнхий сайд болсонд баяр хүргэж, энэ Пүрэв гарагт эхлэх дээд түвшний уулзалтын талбарт уулзаж, мөн цаашид хамтран ажиллахад нэн таатай байгаагаа твиттер хуудсаараа илэрхийлжээ. Хил залгаа Украины нутагт дайн үргэлжилж байгаатай холбоотойгоор Дональд Тускийн Засгийн газарт чамгүй олон сорилт тулгарахыг шинжээчид тэмдэглэж байна. Энэ 7 хоногт ЕХ-ны дээд түвшний уулзалтаар Украиныг ЕХ-нд элсүүлэх эсэх асуудлаар шийдвэрлэх хэлэлцүүлэг болох юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Дональд Туск дахин БНПУ-ын Ерөнхий сайд болов   
Үзсэн: 727 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй