Шууд Chart

ИЗРАИЛ: Газын зурвас дахь дайн 2024 оны турш үргэлжилж магадгүй

2024-01-02 16:44:22

Израилын батлан хамгаалах арми шинэ оны босгон дээр ард түмэндээ мэндчилгээ дэвшүүлэхдээ Газын зурвас дахь дайн 2024 оны турш үргэлжилж магадгүй, тулалдаанаа үргэлжлүүлэн сунгахад бэлтгэж байгаа гэж мэдэгдсэн байна. Дайн цаашид урт хугацаанд үргэлжлэх өндөр магадлалтай тул Газын зурваст байлдаж байгаа зарим цэргүүдийг эгүүлэн татаж амраан, эргэн байлдааны ажиллагаандаа эрч хүчтэйгээр орох боломж олгоно гэж Израилын батлан хамгаалах армийн хэвлэлийн төлөөлөгч Даниел Хагари мэдэгдлээ.

Израилын талаас дайн 2024 оны турш сунаж үргэлжилнэ гэж мэдэгдэж байгаа энэ үед Газын зурваст амиа алдсан хүний тоо 21 мянга 900 давсны дотор дийлэнх нь хүүхэд эмэгтэйчүүд байсан байна. Өнгөрсөн оны 10-р сарын 7-нд дайн эхэлснээс хойш 56 мянга гаруй хүн мөн шархдаж бэртжээ. Шинэ оны эхний 24 цагт гэхэд энэ нутаг дэвсгэр дээр 156 хүн амь эрсдэж, 246 хүн бэртэж гэмтсэн гэсэн тоог Хамасын удирдлагын эрүүл мэндийн яамнаас мэдээлж байна. Израилын агаарын хүч өнгөрсөн шөнийн дайралтаараа Хамас бүлгийн 10-р сарын 7-ны өдөр хийсэн дайралтыг төлөвлөн удирдахад оролцсон бүлгийн томоохон коммандлагчдын нэг Адил Мисмаг үгүй хийж чадсан гэж Израилын батлан хамгаалах арми мэдээлж байна. Дэлхий дахинд шинэ жилийн баярын уур амьсгал дуусаагүй байгаа энэ үед Газын зурваст нөхцөл байдал тэс ондоо байгааг олон улсын хэвлэлүүд мэдээлж байна. Газын зурвасын умард хэсгийн иргэд өмнөд рүүгээ дотооддоо дүрвэсэн байдалтай байгаа буюу Газын зурвасын иргэдийн 85 хувь нь орох оронгүй нөхцөлд байна. Энэ бүсэд эрүүл мэнд, хүмүүнлэгийн нөхцөл байдал нэн хүнд байгаа энэ үед бага насны хүүхдүүдийн өвчлөл, эмгэг, улаан бурхан зэргээс сэргийлэх вакцины олон мянган тунг тус бүс рүү илгээсэн гэж Ройтерс агентлаг мэдээлж байна. Мянга мянган хүн нэг доор дүрвэгсдийн хуаранд байрлаж, цэвэр ус, ариун цэврийн наад захын шаардлага хангаагүй нөхцөлд амьдарч байгаа нь эрүүл мэндийн тусламж нэн шаардлагатай байгааг ил тод илэрхийлж байна гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдээлжээ. Израил улсын ерөнхий сайд Биньямин Нетаньяху өнгөрөгч оны төгсгөлд Газын зурвас дахь дайн ид оргил үедээ явж байна, Израилын арми амжилттай үүрэг даалгавраа гүйцэтгэж байгаа ч хүмүүнлэгийн хувьд таагүй зүйлс гарсаар байна. Гэхдээ дайнд ялалт байгуулахад хугацаа шаардлагатай гэж мэдэгдсэн юм. Израилын хэт барууны үзэл баримтлалтай намынхан палестины ард иргэдийг газын зурвасыг орхин гарахыг уриалсаар байгаа юм. Газын зурваст нөхцөл байдал хэвийн болж, Хамас бүлгийг ор үндэсгүй арчиж цэвэрлэсэн хойно энгийн палестин иргэд эргээд Газын зурвастаа ирэх бүрэн боломжтой гэж тэд тайлбарлаж байгаа ч яг хэзээ энэ амлалт нь биелэх нь тодорхойгүй гэж олон улсын хэвлэлүүд бичжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ИЗРАИЛ: Газын зурвас дахь дайн 2024 оны турш үргэлжилж магадгүй  
Үзсэн: 839 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй