
Лхагва гарагт Иран улсын зүүн өмнөд нутгийн Керман хотод хоёр удаа бөмбөгдөлт болж, багадаа 95 хүн амь эрсэдсэн гэсэн мэдээллийг Ираны төв телевиз өглөө. Дөрвөн жилийн өмнө яг энэ өдөр Ираны генерал Касем Сулемани АНУ-ын дроны довтолгоонд өртөж амиа алдаж байсан ой дээр давхцаж, түүний бунхны ойролцоо ийм хоёр бөмбөгдөлт болж, олон хүн амь үрэгдсэн нь олон улсын анхаарлыг татаад байна. Одоогоор хэн энэ довтолгоог үйлдсэнийг тогтоогоогүй байна. Сүүлийн 42 жилийн хугацаанд Иран улсад ийм их хохирол дагуулсан халдлага гарч байгаагүй юм.
Иран улсын их удирдагч Аятолла Али Хаменеи энэ хэргийг террорист халдлага гэж тодорхойлж, хэн ч үйлдсэн бай хариу хатуу арга хэмжээ авна гэж мэдэгдлээ. Одоогоор энэ халдлагыг үйлдсэн байж болзошгүй гэж сэжиглэгдэж байгаа хэд хэдэн субъект байгаа нь Арабын салан тусгаарлагч бүлэглэлүүд болон Исламын улс бүлэглэлтэй төстэй Исламын Сунни урсгалын Жихад бүлэглэлүүд энэ хэргийг үйлдсэн байж магадгүй гэж таамаглаж байна. Эдгээр бүлэглэлүүд нь Иран улсын энгийн иргэд, хамгаалалтын хүч рүү сүүлийн жилүүдэд хэд хэдэн удаа халдаж байсан гэдгээрээ хамгийн том сэжигтнүүд болоод байгаа юм. Иран улс нь өөрөө исламын шашны Шиа урсгалын номлолыг дагаж мөрддөг орон. Дөрвөн жилийн өмнө амиа алдсан генерал Сулемани нь Иран улсын их удирдагчийн араас орох хэмжээний эрх мэдэлтэй хүн байсан. 2020 онд тэрээр хөрш Ирак улсын нутаг дэвсгэр дээр АНУ-ын дроны бөмбөгдөлтөд өртөж алагдсан юм. Энэ удаагийн халдлага дөнгөж нэг өдрийн өмнө Ливан улсын нийслэл Бэйрут хотноо Палестины зэвсэгт Хамас бүлгийг толгойлогчдын нэг Израилын бөмбөгдөлтөд өртөж амиа алдсанаас тун удалгүй гарсан гэдэг утгаараа одоо Ойрх Дорнодын бүс нутгийн уур амьсгал, нөхцөл байдал нэлээд хүндрээд байна. Ираны хэвлэл мэдээллийн агентлагуудын мэдээлж байгаагаар эхний бөмбөгдөлт Керман хотод хүмүүс олноор цугласан Мартирын цэцэрлэг оршуулгын газраас 700 метрийн зайд, орон нутгийн цагаар 15 цагийн орчимд болсон байна. Эхний бөмбөгдөлтийн дараа ард иргэд сандралдан үймэлдэж, зугтааж эхэлсэн. Хоёр дахь бөмбөгдөлт эхнийхээс 15 минутын дараа оршуулгын газраас 1 км орчмын зайд хүмүүс зугтаан очсон талбайг бөмбөгдсөн гэж мэдээлж байна. Тухайн үед газар дээр нь байсан зарим хүмүүсийн мэдээлж байгаагаар бөмбөгтэй цүнх үүрсэн амиа золиослогч алан хядагчид энэ хэргийг үйлдсэн байх магадлалтай гэж таамаглаж байгаа юм байна. Одоогоор амиа алдсан 95 хүнээс гадна бэртэж гэмтсэн 211 хүн байгаа, тэднээс 27-ийнх нь бие нэлээд хүнд байгаа гэдгийг Ираны эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн байна. Хэргийг үйлдсэн этгээдийг олохоор мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа гэж мөн Ираны дотоод хэргийн яамнаас мэдээлсэн байна. Олон улсад НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга, Европын Холбоо, ОХУ, Ливаны Хэзбола бүлгүүдээс энэ хэргийг террорист халдлага гэж буруутгаж, хохирогчдод эмгэнэл илэрхийлжээ.
Иран улсад бөмбөгдөлтийн улмаас 95 хүн амиа алдав | ||
Үзсэн: 973 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.