Шууд Chart

АНУ Йемений Хуситуудыг “алан хядагчид” гэж тодорхойлов

2024-01-18 16:35:55

АНУ Йемений Хусит босогчдыг “алан хядагч” жагсаалтад эргэн оруулснаа зарлалаа.

Энэ долоо хоногт Хуситууд хоёр дахь удаагаа АНУ-ын Улаан тэнгист аялж явсан усан онгоц руу халдсан байна.

Урьд нь АНУ-ын Ерөнхийлөгч асан Доналд Трамп Хуситуудыг "алан хядагч" бүлэглэл гэж тодорхойлж байсан ч 2021 онд одоогийн Ерөнхийлөгч Жо Байден тэднийг энэ жагсаалтаас гаргасан юм байна.

Гэвч сүүлийн гурван сарын хугацаанд Хуситуудын Улаан тэнгист явуулж байгаа түрэмгий ажиллагаанууд тэднийг эгүүлэн "алан хядагч" бүлэглэлд багтаахаас өөр аргагүй болгосон гэж АНУ-ын дээд албанаас мэдээлсэн байна.

Ираны дэмжлэгтэй исламын шиа урсгалын Хусит босогчдын бүлгэм Израил Хамасын дайн эхэлснээс хойш Хамас болон палестинчуудын талд байгаагаа илэрхийлж, Улаан тэнгист зорчиж яваа Израилын холбоотон гэж өөрсдийн үзсэн худалдааны хөлгүүд рүү агаараас довтлох болсон.

Улаан тэнгис нь дэлхийн усан тээврийн 15 хувь зорчин өнгөрдөг худалдааны маш чухал тээврийн бүс гэж тооцогддог.

Хуситуудын довтолгооны улмаас Улаан тэнгисээр зорчин өнгөрдөг Ази-Европын худалдаа эргэлт нэлээд удаашраад байгаа нь дэлхийн томоохон гүрнүүдийн эгдүүцлийг хүргээд байгаа юм.

Өнгөрсөн долоо хоногт АНУ болон Их Британийн нэгдсэн агаарын хүч Хуситуудын Йемен дэх байршлууд руу цохилт өгснөөс хойш Хуситууд Улаан тэнгис дэх довтолгоогоо улам эрчимжүүлэх болсон байна.

Өчигдөр буюу Лхагва гарагт Хуситууд АНУ-ын Генко Пикарди гэх ачааны хөлөг онгоц руу пуужин харвасан гэж мэдээлсэн. АНУ-ын талаас мөн энэ халдлагыг баталлаа.

Уг ачааны хөлөг онгоц Адены булангаар фосфат чулуулаг ачин дамжин өнгөрч явах замдаа Хуситуудын халдлагад өртжээ. Тус хөлгийн багийн мэдээлснээр бөмбөгдөлтийн улмаас бэртэж, гэмтсэн хүн байхгүй, хөлөг хэсэгчилсэн гэмтэл авсан байна.

Хуситуудын зүгээс Улаан тэнгис болон Арабын тэнгист Йемений аюулгүй байдлыг сахин хамгаалж, Палестины ард иргэдийн төлөө тэмцлийн дуу хоолойгоо өргөхийн тулд дайсан гэж үзсэн байг устгахдаа огтхон ч эргэлзэхгүй байна гэж албан ёсны мэдэгдэл гаргасан байна.

Лхагва гарагийн довтолгооноос өмнө Даваа гарагт мөн Хуситууд АНУ-ын Гибралтар Ийгл гэх ачаа тээврийн онгоцыг хөлөг эсэргүүцэгч баллистик пуужингаар харвасан. Уг довтолгоонд өртөж бэртэж, гэмтсэн хүн байхгүй ч хөлөгт очсон гэмтэл нэлээд их гэдгийг АНУ-ын зүгээс мэдээлсэн юм.

АНУ Хуситуудыг “Тусгай зохион байгуулалттай олон улсын алан хядах бүлэглэл” гэж тодорхойлсны дараа Хуситуудын зүгээс энэ тодорхойлолт тэдний одоогийн Улаан тэнгис дэх ажиллагааг зогсоож чадахгүй гэж мэдэгдсэн байна.

Хуситуудын Улаан тэнгис дэх түрэмгий ажиллагаа болон барууны орнуудын хариу цохилтууд Газын зурвасын дайн Ойрх Дорнодын бүс нутагт өргөжин тэлж байгаа нэг хэлбэр гэж олон улсын ажиглагчид харж, дүгнэж байна.

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ Йемений Хуситуудыг “алан хядагчид” гэж тодорхойлов  
Үзсэн: 899 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй