Шууд Chart

Албанийн үндсэн хуулийн шүүх Италийн цагаачдыг хүлээж авах тухай гэрээг дэмжлээ

2024-01-31 10:36:02

Албани улсын үндсэн хуулийн шүүх Итали улсын нутагт ирсэн цагаачдыг хүлээж авах тухай гэрээг соёрхон батлахыг дэмжлээ. Одоо Албанийн парламент уг гэрээг соёрхон баталбал Итали улс хилээр нь нэвтэрсэн гадны цагаачдыг хүлээж авахгүйгээр шууд Албани улсад шилжүүлэх эрх зүйн орчин бүрдэх юм. Нэг үгээр бол Итали улсад цагаачлах зорилгоор ирсэн гадны иргэдийн цагаачлах хүсэлтийг Албанийн нутагт шийддэг болох гэж байна. Гэрээнд Италийн талаас сар бүр 3000, жилд 36 мянган цагаачийг Албани улс руу шилжүүлж байхаар тохиролцжээ.

Энэ гэрээний төслийг хамтран боловсруулсан Албанийн Ерөнхий сайдын нам парламентад олонх учир энэ гэрээ ногоон гэрлээр дэмжигдэх төлөвтэй байна. Албанийн сөрөг хүчин энэ гэрээг эсэргүүцэж, хориг тавиулахаар үндсэн хуулийн шүүхдээ ханджээ. Харин үндсэн хуулийн шүүх нь гэрээг дэмжсэн байна. Италийн парламент өнгөрсөн лхагва гарагт энэ гэрээг соёрхон баталсан байгаа.  Гэрээний дагуу Итали улс Албанийн баруун хойд боомтод цагаачдад зориулан хоёр төв байгуулж, хилээр нь нэвтэрсэн цагаачдыг тэдгээр төвд шилжүүлэн байрлуулах юм байна. Шилжиж ирсэн цагаачдын цагаачлах хүсэлтийг нягтлан шалгаж, Итали руу нэвтрүүлэх эсвэл буцаах зохицуулалт хийхээр төлөвлөжээ. Албанийн нутагт барих цагаачлалын төвүүдийн үйл ажиллагааг Италийн засгийн газар хариуцаж, тэнд Италийн хууль үйлчлэх юм байна. Харин Албанийн тал тэдгээр төвийн харуул хамгаалалт, аюулгүй байдлыг хангаж ажиллахаар гэрээнд заажээ. Ойрх Дорнод, Африкийн бүс нутгаас Европыг зорьсон цагаачдын их урсгал Итали улсыг дайрдаг. Сүүлийн жилүүдэд цагаачдын урсгал эрс нэмэгдсэн.

Тухайлбал 2023 онд Италид 160 мянган дүрвэгч очсон нь өмнөх оныхоосоо 52 мянгаар өссөн үзүүлэлт болсон. Италийн ерөнхий сайд Жоржиа Мелони олон улсаас ирж байгаа цагаач дүрвэгсдийн их урсгалыг сааруулах сонгуулийн амлалт өгсөн, цагаачлалын их урсгалыг хязгаарлах асуудлыг засгийн газрынхаа нэн тэргүүний зорилтоо болгосон. Энэ хүрээндээ өнгөрсөн оны 11-р сард цагаачдыг хүлээж авах эсэхийг Албанийн нутагт шийдвэрлэх тухай гэрээний төслийг Албанийн ерөнхий сайдтай хамтран боловсруулж, танилцуулсан. Албанийн хувьд Европын холбоонд нэгдэх сонирхолтой байгаа, Итали улс энэ сонирхлыг нь тууштай дэмжиж ирсэн. Олон жил цагаачлалын их урсгалтай тэмцэж байгаа Европын холбоо мэдээж Италийн энэ бодлогыг хайрцгаас гадуур сэтгэсэн том санаачилга гэж хүлээж авч байна. Харин хүний эрхийн байгууллагууд Итали улсыг хүмүүнлэгийн үүднээс дүрвэгч цагаачдыг хүлээн авах олон улсын өмнө хүлээсэн үүргээсээ няцаж байна гэж шүүмжилж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Албанийн үндсэн хуулийн шүүх Италийн цагаачдыг хүлээж авах тухай гэрээг дэмжлээ  
Үзсэн: 409 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй