Шууд Chart

АНУ Иран болон тус улстай холбоотой зэвсэгт бүлгүүдийн байршлуудад цохилт өгч эхэллээ

2024-02-03 16:04:06

АНУ Сири, Ирак улс дахь Ираны болон бусад зэвсэгт бүлгийн байршлуудад Баасан гарагт цохилт өгч эхэлжээ.

Иордан дахь агаарын баазад нь ирсэн дроны халдлагын хариуд хийж буй энэ арга хэмжээний эхний өдөр Ираны "Хувьсгалт гвард" болон тус улсын дэмждэг зэвсэгт бүлгүүдийн 85 байгууламжид алсын тусгалын “Би-1 бөмбөгдөгч” онгоцуудаа ашиглан довтолжээ.

Ойрын өдрүүдэд мөн нэмэлт ажиллагаа явуулна гэсэн мэдээ байна.

Америкийн хүчин Сири, Ирак улсын 7 байршлыг хамарсан 85 объектод цохилт өгнө гэж мэдээлжээ. Үүний дөрөв нь Сирид, гурав нь Ирак улсад байсан байна.

Ливанаас Ирак, Иеменээс Сири хүртэл Ойрх Дорнод дахь холбоотнууддаа хүчтэй нөлөөлж буй Ираны "Хувьсгалт гвард"-ын гадаадын тагнуул, хагас цэрэгжсэн салбар болох Аль Кудс хүчнийг онилсон гэж албаны эх сурвалж мэдээлсэн байна.

АНУ-ын Цэргийн нэгдсэн штабын дарга, Дэслэгч генерал Дуглас Симс “Цохилт амжилттай болж, томоохон хоёрдогч дэлбэрэлт үүсгэсэн ч, зэвсэгт бүлгүүдээс хүн амиа алдсан эсэх нь тодорхойгүй” гэж мэдээлсэн байна.

Харин Сирийн төрийн мэдлийн хэвлэлээр Баасан гарагт тус улсын цөлийн бүс нутаг болон Сири-Иракийн хил дээр болсон "Америкийн түрэмгийлэл"-ийн нөлөөгөөр олон хүн амь үрэгдэж, шархадсан гэж мэдээлсэн бол, Иракийн цэрэг арми “Цохилт хилийн бүсэд нь болсон” гээд “Энэ цохилт бүс нутагт тогтворгүй байдлыг өдөөж болзошгүй” гэж анхааруулсан байна.

Энэ агаарын довтолгоо нь Иракийн тусгаар тогтнолыг зөрчиж, тус улсын Засгийн газрын хүчин чармайлтыг сулруулан, Ирак болон бүс нутгийг аймшигтай үр дагаварт хүргэж болзошгүй аюул заналхийлэл учруулж байна гэжээ.


АНУ Иран болон тус улстай холбоотой зэвсэгт бүлгүүдийн байршлуудад цохилт өгч эхэллээ  
Үзсэн: 997 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй